Эхлэл - Ярилцлага - Энтертайнмент
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 14

“Уран бичлэг бол нэг талаас бичиг, нөгөө талаас дүрслэх урлагийн нэг төрөл”


2012 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг сонирхож явахад “Монголын нууц товчоо” бүтээл хамгийн түрүүнд анхаарал татаж билээ. Мэдээж, бичсэн хүнийх нь хичээл зүтгэлийг тухайн үедээ гайхан бишрээд л өнгөрсөн. Харин энэ сарын дугаартаа бид уг бүтээлийн эзэн Бичиг соёл боловсролын төвийн тэргүүн, МУСТА Д.Ганбаатартай уншигчдаа уулзуулж, монгол бичиг, уран бичлэгийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хичээлээ.

“Монголын нууц товчоо” бүтээл тань оны өмнө Монголын уран зургийн галерейд тавигдсан Шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээс шалгарч, улсын сан хөмрөгт худалдаж авсан 10 бүтээлийн нэгээр тодорсон.  Уг бүтээл хэрхэн бүтсэн бэ?
“Монголын нууц товчоо” бүтээл маань 140х360 см-ийн хэмжээтэй, муутуу цаасан дээр 5 мм-ийн зайтай монгол бичгээр бичигдсэн. Гэхдээ хичээнгүй дэгээр бичсэн тул хүн харахад энгийн сайхан уншигдана. Баатрын зураг, түүнийг тойрсон монголын овог аймгуудын тамга тэмдгийг дүрсэлсний дараа Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрдэмтдийн бүтээсэн “Монголын нууц товчооны сонгомол эх”-ийн 12 бүлгийг тэр чигээр нь буулгасан. Мэдээж, чимээгүй орчинд анхаарлаа маш сайн төвлөрүүлж бичсэн. Баатрын зургийг Н.Баатарцог гэдэг зураач зурсан. Анх хоёр жилийн өмнөөс Бичиг соёл боловсролын төвийн зургаан уран бүтээлч ярилцаад тус тусын “Монголын нууц товчоо”-г бүтээсэн юм. Хүн бүрийн хийсэн нууц товчоо нэр, зохиомж, бэхэн зургаараа ялгаатай. Яаж, ямар хэмжээтэйгээр бичих вэ, бичвэрээ нэг цаасан дээр хэрхэн багтаах вэ гэхчлэн нэлээд их бэлтгэл ажил хийгдэж, бүтэн хоёр жилийг бүтээлүүддээ зориулсан. Эцэст нь бид “Монголын нууц товчоо” хамтарсан үзэсгэлэнгээ нэгдүгээр сарын 18-нд Монголын уран зургийн галерейд тавьсаныг та бүхэн мэдэж байгаа байх аа.

Үүн дундаас таны бүтээл шилдгээр шалгарахад юу нөлөөлсөн гэж боддог вэ?
Нэгдүгээрт, энэ бол “Монголын нууц товчоо”-г нэгэн цогц бүтээл болгож хийсэн анхны тохиолдол. Хоёрдугаарт, 5 мм-ийн зайтай маш нарийн бичигдсэн болохоор хүний сонирхлыг татаж чадсан. Мөн бага биш цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулсан. Ер нь бүхий л талаараа хүмүүсийн сонирхолд нийцсэн болов уу гэж бодож байна.

Уран бичлэгийн төрлөөр ихэвчлэн зураач хүмүүс ажиллаад байх шиг. Энэ мэргэжил нь тэдэнд давуу тал болдог юм болов уу?
Миний хувьд монгол судлаач мэргэжлээр төгссөн, монгол хэл бичгийн багш хүн. 1998 оноос каллиграф буюу уран бичлэгтэй холбогдсон. Одоогоор уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, сургалт зохион байгуулж байна. Уран бичлэг бол нэг талаас бичиг, нөгөө талаас дүрслэх урлагийн нэгэн төрөл. Тиймээс судлаачид ч, зураачид ч уран бичлэгийг хийж байна. Мэдээж, хүн бүрийн арга барил өөр. Миний арга барил ч гэсэн тогтсон өнгө аяс, хэллэгтэй. Уран бүтээлч хүн заавал нэг талыг барилгүйгээр, уламжлалаа сайн судлаад, орчин үетэйгээ хослуулж, өөрт төрсөн мэдрэмжийг буулгах хэрэгтэй.

Хүмүүс уран бичлэгийг ерөнхийдөө бэлэг дурсгалын зүйл дээр л ашигладаг. Мөн сүүлийн үед дунд сургуулийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл хангалттай орохгүй байгаа. Монгол бичиг, уран бичлэгийн цаашдын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
Монголчууд бие биедээ болон гадны зочинд бэлэглэх гэж, гэртээ өлгөх гэж каллиграфын бүтээлийг маш ихээр хийлгүүлдэг болсон. Манайд каллиграф 1990-ээд оноос арай шинэлэг маягаар хөгжиж, уран бүтээлчид гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох болсон. Одоо бол жилд 3-4 удаа байнгын үзэсгэлэн зохиогдож байгаа. Ер нь өөрийнхөө л голдрилоор цааш хөгжих байх л даа. Уран бүтээлчдийн зүгээс ч олон шинэ зүйл хийж эхэлсэн. Сүүлийн үед орчин үеийн урлагт каллиграфыг ашиглах нь их болсон. Монгол бичгийн хувьд, дунд сургуульд долоо хоногт нэг л удаа орж байгаа. Тиймээс сургуульд монгол бичиг сураад гарах боломж бараг л байхгүй гэсэн үг. Үүнээс гадна багш нарын хувьд монгол бичиг заах аргаар тааруу. Уг нь зөв заасан тохиолдолд монгол бичгийг маш хурдан сурах боломжтой гэдэг нь харагддаг. Хүмүүс монгол бичгийг харийн хэл шиг, хэцүү мэтээр боддог. Гэтэл яг үнэндээ бол монгол үндэстний хэл бичиг нь монгол бичиг шүү дээ. Гэхдээ Ерөнхийлөгч зарлиг гаргаад монгол бичгээ тодорхой хэмжээгээр ашиглаж л байна. Тэгэхээр нэлээд хэдэн жилийн дараа гэхэд каллиграфын урлаг орчин үеийн шийдэлтэйгээр өндөр түвшинд хөгжсөн байх болов уу.

Орон нутагт гаргасан үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулна уу?
Анх 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсны дагуу зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг тавдугаар сарын 9, 10-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод ахин дэлгэн тавьсан юм. Тэнд зургаан уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргаж, сургалт семинар зохион байгуулсан. Хөтөл хотын Соёлын төвийн Мөнхбаясгалан гэдэг залуу энэ санаачлагыг гаргасан юм билээ. Сургалтын хүрээнд багш нарт уран бичлэгийн заах арга зүйн талаар, хүүхдүүдэд уран бичлэгийг хэрхэн хялбар байдлаар сурах тухай цогц үйл ажиллагаа явуулсан. Хотоос дуучид, жүжигчид л очдог болохоос биш дүрслэх урлаг, уран бичлэгтэй холбоотой үзэсгэлэн тэнд дэлгэгддэггүй. Ер нь урлагийн орчин хөдөө орон нутагт дутмаг байна. Бидний үйл ажиллагааг хүмүүс маш сайхан хүлээж авсан, маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Энэ мэт зүйлсээр тэд цангасан байна гэж би ойлгосон. Хөтөл хот бүх албан байгууллагынхаа нэр хаягийг монгол бичгээр буулгаж, монгол бичигтэй анхны хот болох зорилго тавиад байна. Дашрамд дуулгахад, Хөтөл хамгийн цэвэрч хотоор шалгарч байсан, иргэд нь их хөдөлмөрч. Тэнд очсоныхоо дараа би нэг шавийнхаа хамт Архангай аймгийг зорьж, тус аймгийн Засаг даргын ивээл дор “Бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн жижиг хэмжээний үзэсгэлэн гаргаж, сургалт семинар явуулсан. Архангай аймгийн Засаг дарга өөрийн ивээл дор жил бүр төсөв гаргаад, хотоос уран бүтээлчдийг орон нутагтаа урьж, иргэдийнхээ дунд монгол бичгийн “Цэвэр сайхан бичлэг”, “Уран уншлага” зэрэг хэд хэдэн төрлийн уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохиодог юм билээ. “Ирэх жил Улаанбаатараас нэлээд хэдэн уран бүтээлчийг урин оролцуулж, даацтай зүйл хийх бодолтой байна” гэж ярьж байсан. Хөдөө орон нутагт багш дутагдалтай байна. Түүнээс биш уран бичлэгийг хүүхдүүд маш их сонирхож байна. Тиймээс манай Бичиг соёл боловсролын төвөөс санаачлага гаргаж, Хөтөл хотоос хоёр хүнийг, Архангай аймгаас нэг хүнийг төвдөө үнэгүй сургахаар урьсан. Тэд манай төвийн ¬уран бичлэгийн сургалтанд хамрагдаж, компьютер дээрх монгол бичгийн хэрэглээг заалгана. Монгол бичгийн хэрэглээг орон нутагтаа хөгжүүлж чадах хүмүүсийг сонгоорой гэж Тамгын газрынханд нь захисан байгаа. 

Танай төвд монгол бичиг, уран бичлэг заалгахад хэр зэрэг хугацаа шаардагдах вэ?
Тодорхой хугацаа заагаад сурах зүйлээ тодорхойлчихвол ямар ч хугацаанд байж болно. Бичлэгийн үндсэн дэг, хичээнгүй бичгийн дэг, бийрийн барилт, зохиомж, цаастай хэрхэн ажиллах вэ гээд үргэлжилбэл нэлээд хугацаа шаардана. Зөвхөн монгол бичгээ сурах юм уу, эсвэл бийрээр бичиж сурах юм уу, эсвэл бүр урлаг талаас нь сурах юм уу гээд тухайн хүний сонирхол, зорилгоос шалтгаалан цаг хугацаа нь өөр өөр байна. Мөн тухайн хүн юмыг хэр зэрэг мэдэрч, хүлээж авч байгаагаас ихээхэн шалтгаална.
 
Каллиграфч хүн ямар байх ёстой вэ?
Манай дүрслэх урлагийнхан каллиграфыг зохиомж, зураас талаас нь хардаг, хэл бичгийн эрдэмтэд бичгийн үүднээс нь авч үздэг. Каллиграф нь хэл бичиг, дүрслэх урлаг дээр яруу найраг, үгийн мэдрэмж, үгийн сонголтыг нийлүүлээд цогц урлаг болдог. Каллиграфч хүн энэ бүгдийг харуулахын тулд эрэл хайгуул хийж, түүх шастир, монгол бичиг, дүрслэх урлагаа судалж суралцдаг байх ёстой. Манай залуу уран бүтээлчид монгол бичгээ яг нарийн сайн мэдэхгүй л байх шиг. Ер нь монгол бичгийн түүхийг сөхөөд үзвэл судлах зүйл их бий.

Каллиграфч хүний гол хэрэглэгдэхүүн нь муутуу цаас, бийр мөн үү?
Муутуу цаас бол каллиграфын үндсэн хэрэглэгдэхүүн юм. Үүнээс гадна монголчууд үзгээр бичдэг сайхан уламжлалтай. Бийрийн бичлэг түүнээс сүүлд үүссэн. Тодруулбал, Манжид дагаар орсноос хойших 2-3 зуун жилийн уламжлалтай. Үзгээр бичихэд янз бүрийн цаас хэрэглэнэ. Энэ талын судалгаа Монголд орхигдоод байна. Европ, Араб бол үзгэн уламжлалтай. Харин монголчууд үзэг, бийрийн уламжлалтай тул үүнийгээ зэрэг хөгжүүлэх боломжтой юм.
   

Мэдээний линк: http://review.time.mn/content/34553.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...