Эхлэл - Ярилцлага - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 28

Зуслангуудын төлбөр жилд 10-20 мянган төгрөгөөр нэмэгддэг

Хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-наас үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн зуслангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөөгөөс дараах тодруулгыг авлаа.

-Энэ жил нийт хүүхдийн хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах вэ?

-Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгж­лийн газарт нийт 32 зуслан албан ёсны бүртгэлтэй. Үүнээс 21 нь үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдсэн.

Энэхүү 21 зуслангаас 16 нь эрхийн бичгээ борлуулаад хүүхдүүдээ хүлээж авна. Үлдсэн тав нь халамж, ас­рамжийн төвийн дэргэдэх болон төрийн бус байгууллагын дэргэдэх зуслан учраас эрхийн бичиг борлуулахгүй, зорилтот бүлгийн хүүхдүүдээ авч амраах юм.

-Зорилтот бүлгийнхэн гэдэгт ямар хүүхдүүд орох вэ?

-Нийслэлийн Засаг даргын санаа­чилгаар амьжиргааны батал­гаажих түвшнээс доо­гуур өрхийн хүүхдүүдийг амраадаг болоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Эхний жилд 500 хүүхэд амрааж байсан бол өнгөрсөн жил 250, энэ жил 200-250 хүүхэд амраана.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөн­гөөс ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг амраахаар болсон. Таван зусланд зорилтот бүлгийн 40, 40 хүүхдийг амраана. Дээр нь эдгээр зуслан нэмж тав, таван хүүхдийг өөрсдийн хөрөнгөөр амраах юм.

-Зуслангийн үнийн тарифын тухайд?


-Бага ангийн хүүхдүүд 125, дунд ан­гийнхан 130, ахлах ангийнхан 140 мянган төгрөг байхаар батлагдсан. Тэгэхээр хүүх­дүүд 125-140 мянган төгрөгөөр нэг ээлжин­дээ долоо хоногийн хугацаанд зусланд амарна гэсэн үг.

-Үнийн хувьд бага, дунд, ахлах гэж тогтоосны шалтгаан нь юу вэ?

-Хүүхдүүд насны онцлогоосоо ха­­маарч их, бага илчлэгтэй хоол хэрэг­лэх шаардлагатай. Тиймээс насны ангиллаар өөр өөрөөр тогтоодог.

-Өмнөх жилтэй харьцуулахад хүүхдийн зуслангийн төлбөр ямар байна вэ?


-Урьд жилд бага ангийнхан 100, дунд ангийнхан 110, ахлах ангийнхан 120 мянга гэсэн төлбөртэйгөөр амардаг байсан. Энэ жил нэмэгдсэн. Зуслангууд эрхийн бичгийн борлуулалтаараа санхүүждэг бай­гууллага. Үүгээрээ ажилчдын цалин, цахилгаан, хоол хүнсний мөнгө, хөтөлбөр, үйл ажиллагааны зардал, унаа зэргийг төлдөг.

Гэтэл нэг жилийн дотор бензин шатахуун, талх, мах зэрэг өргөн хэрэглээний бараа, хөдөлмөрийн доод хэмжээ хүртэл нэмэгдлээ шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй үүнийгээ дагаад 10-20 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгддэг.

-Жил бүр хүүхдийн зуслангуудад шал­галт хийдэг. Энэ шалгалтаар дээрх 21 зуслан шаардлага хангасан гэсэн үг үү?

-Үгүй. Зуслангууд одоо л бэлтгэл ажлаа хийж байна. Яагаад ингэж оройтдог вэ гэвэл цаг агаарын байдалтай холбоотой. Дулаарч, газар гэссэн то­хиолдолд ундны усны шинжилгээ өгч, гадна дотор зас­вар, тохижилтоо хийдэг. Мэргэжлийн бай­гуул­лагууд эдгээр 21 зусланд шалгалт хийнэ. Гэхдээ зуслангууд үйл ажилла­гаагаа явуу­лахад бэлэн боллоо гэсэн үед буюу зургаа­дугаар сарын 1-нээс хойш хяналт шалгалтаа хийх юм.

-Хүүхдийн хоол хүнсний чанарын асуудалд хаанаас анхаардаг вэ?


-Зуслан бүр өөрсдөө хүүхдүүдэд өгч буй хоол тэжээлийн чанарын асуудалд анхаардаг. Ялангуяа аюулгүй, ба­талгаат хүнсээр хангадаг газруудтай гэрээ байгуулж, хоол хүнсээ ний­лүүлж ажилладаг.

-Боловсон хүчний асуудалд хаанаас анхаардаг вэ?


-Өмнөх жилүүдэд их, дээд сургууль, ЕБС зэрэг хүүхэдтэй ажиллаж байсан турш­­лагатай хүмүүст бүлгийн багшаар ажиллах урилга хүргүүлж, ярилц­лагын аргаар түүвэрчилж авч байгаад 30 гаруй багш бэлтгэдэг байсан.

Харин энэ жилээс зуслангууд өөрс­дөө ажиллах хүчнээ бүр­дүүлж, ма­найхаас явуулж буй гурав хоногийн сургалтад хамруулж, албан ёсны сер­тификаттай багш бэлтгэдэг болсон. Багш нар хоёр хоногийн турш онолын сургалтад суугаад, үлдсэн нэг өдөр зусланд практик дадлага хийдэг болсон.

-Зуслангуудад эмч ажиллуулна биз дээ?


-Тийм ээ. Хүүхдийн зуслан бүрт эмч ажиллана. Эмч нарт Нийс­лэлийн эрүүл мэндийн газраас арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг.

Эх сурвалж: "Өглөөний сонин"  Э.Мөнхзаяа





Мэдээний линк: http://review.time.mn/content/29622.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...