Эхлэл - Ярилцлага - Энтертайнмент
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 21

Д.Зоригт: Үзэгч хүүхдүүд баавгайнуудтай зураг авахуулах боломжтой

Сибирийн цагаан бар, хоёр заан, боксчин кенгру, арслангийн тоглолт зэрэг амьтдын тоглолтыг эх орондоо урьж, тоглуулж байсан туршлагатай “Шинэ цирк” төвийнхөн Эх үрсийн баярыг тохиолдуулан энэ сарын 25-наас “Хөрш гурав” нэртэй сургуультай амьтны тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Москвагийн “Росгос” циркийн сургуультай амьтад болон Хятад Монголын цирийн жүжигчдийг нэгтгэсэн энэхүү тоглолт “АСА” циркт болно. Тоглолтын тухай “Шинэ цирк” төвийн захирал  Д.Зоригтоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Шинэ цирк” төвөөс хэд хэдэн удаа амьтдын цирк авчирч тоглуулж байсан. Энэ удаагийн тоглолт тань тэдгээрээс ямар ялгаатай вэ?

-2007 онд цирк хувьчлагдсаны дараа манай “Шинэ цирк” нүүдлийн циркийнхээ нээлтийг Сүхбаатарын талбайд хийхдээ тоглолтоо “Хөрш гурав” гэж нэрлэж байсан. Тэр тоглолтод халуун орны хар баавгай, бар, хоёр заан, тогос авчирч тоглуулж байсан юм. Мөн 2010 онд сургуультай баавгай, галуу, нохой авчирч байлаа. Тэгвэл энэ удаа таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтан ирнэ. Сибирийн хүрэн, Канадаас авчирч сургасан баавгайнууд биеэр том. Хоёр хөл дээрээ зогсохоор гурван метр өндөр болдог. Сибирийн хүрэн баавгайнууд Европт олон үзүүлбэрээрээ нэрд гарсан амьтан юм.

-Тоглолт ямар хуваарийн дагуу болох бол. Амьтдын тоглолтоос гадна өөр үзүүлбэр бий юү?
-Хятадаас гурав, Оросоос таван уран бүтээлч  ирнэ. Дээр нь манай циркийн уран бүтээлчид, СУИС-ийн бүжгийн ангийн оюутнууд гээд 25 орчим хүн оролцоно. Харин тоглолтын хувьд гэвэл өдөрт хоёр удаагийн тоглолт байгаа. Нэг удаагийн тоглолт 1 цаг 50 минут үргэлжилнэ. Баавгайнуудын 15-20 минутын үзүүлбэр бий. Сибирийн баавгайнууд савраа өргөөд зогсохоор гурван метрт хүрдэг. Баавгайнууд дугуй унана, дээс тоглоно, бүжиглэнэ, мөн парашютаар ниснэ. Галуунууд манеж тойрч зогсоод ижилхэн хөдөлгөөн хийж, саадан дээгүүр харайна. Харин сургуультай нохойнууд алиалагч нартай хамтарч тоглоно. Түүнчлэн Хятадын Монте Карлод оролцож байсан тэнцвэрийн толгойн дээрээ ваар эргүүлдэг, хөл дээрээ аяга тавьж байгаад толгой дээрээ авдаг үзүүлбэр байгаа.  Манайхаас шидэх банзнаас үсрэгчид, уран нугаралт, агаарын хос трапей зэрэг үзүүлбэр орж байгаа. 

-Боломж гарвал орон нутагт очиж тоглоно гэсэн сураг байсан. Тоглохоор болсон уу?
-Энэ удаагийн тоглолтыг Монголын үндэсний цирк хамтран зохион байгуулж, ССАЖЯ, Соёл урлагийг хөгжүүлэх сан дэмжиж байгаа. 2007 онд Хятадаас амьтад авчраад Дархан, Эрдэнэтээр явж тоглолт үзүүлж байсан. Энэ удаа ч Дархан, Эрдэнэтээр тоглуулах төлөвлөгөөтэй байгаа. 

-Амьтдын тоглолтыг зохион байгуулахад мэдээж зардал ихтэй байдаг байх. Хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэв?

-Тийм шүү. Хамгийн наад зах нь 12 сараас эхлэн эдгээр амьтдыг эрүүл мэндийн үзлэгт оруулаад, тариа тарилга хийлгэх, бичиг баримтыг нааш нь авчирч хэчнээн тооны амьтан хэчнээн сав суулгатай ирэх, жин нь ямар байх вэ гэдгийг тодорхойлон зөвшөөрөл авах, зардал мөнгө гаргах гээд бүхнийг манай цирк өөрөө хариуцдаг. Энэ удаагийн тоглолтод оролцож байгаа амьтдыг Эрхүүгээс Улаанбаатарт авчирч, буцаах зардлыг Соёл урлагийг хөгжүүлэх сангаас гаргаж байна. Мөн “Акуатус“ ХХК тоглолтыг ивээн тэтгэж, амьтдын хоолны зардлыг дааж байна. Амьтдаа Дархан, Эрдэнэтээр тоглуулаад Алтанбулагаар гаргаж өгнө дөө.

-Тасалбарын хувьд хэдийнэ худалдаанд гарч эхэлсэн гэсэн. Ямар үнэтэй худалдаалагдаж байгаа вэ?
-Тиймээс манай тоглолтын тасалбар хагас сарын өмнөөс Үндэсний циркийн кассаар зарагдаж эхэлсэн. Тасалбарын хувьд насны хязгаар гэж байгаа. Тасалбар 10-30 мянган төгрөгийн үнэтэй. 0-3 настай хүүхдүүд үнэгүй орно. Харин 4-15 нас хүртэлх хүүхдүүд 10000, том хүн 15000. Vip суудал 30000 төгрөгийн үнэтэй. Одоогоор тасалбар нь бараг зарагдаад дуусч байна. Одоо зөвхөн энэ сарын 25-нд болох нээлтийн тоглолтын тасалбар үлдсэн байгаа.

-Хүүхдүүд  сургуультай амьтадтай зургаа авахуулж болох уу?
-Сургуультай амьтад өнөөдөр Эрхүү хотоос гарсан. Амьтдыг циркийн гадаа байрлуулна. Монголын үндэсний цирк амьтдыг тоглуулахгүй, үнэр танар нь муухай гэдэг л байсан. Энэ удаа биднийг дэмжиж ажиллаж байна. Гэхдээ амьтдаа гадаа тусад нь байлгана. Яг тоглолт эхлэнгүүт оруулж тоглуулна. Үндэсний циркийн дотоод дүрэм журам байдаг. Энэ сарын 25-нд нээлтийн тоглолт 18.00 цагаас болно. Бид тоглотын үеэр хүүхдүүдэд амьтадтай зураг авахуулах боломжийг олгож байгаа. Тэгээд ч баавгайнууд хүүхдүүдтэй зураг авахуулаад сурсан байдаг. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд манайхан тоглолтын үеэр тоглоом шаар, идэж уух худалдах үйлчилгээ явуулахгүй. Эдгээр үйлчилгээнүүдийг дан ганц Үндэсний цирк өөрсдөө зохион байгуулдаг юм.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байгаа бол. Манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Бид дараа жил чадаж байвал дандаа том амьтдын тоглолтыг зохион байгуулах санаатай байна. Тухайлбал, мөсөн дээр гулгадаг цагаан баавгайг авчирч тоглуулах талаар хөөцөлдөж байна. Уг цагаан баавгайг хоёр жилийн өмнө авчирч тоглуулах гэж хөөцөлдөж байлаа. Тэр үеэр Турк улсад  тоглолттой явж байгаад халдварт өвчин туссан байсан. Тэрнээс хойш өөр улс руу тоглуулахгүй гэж байсан. Харин одооноос хөөцөлдөж эхэлж байгаа болохоор биелэх байх гэж бодож байна даа. Мөн “Шинэ цирк” төвийнхөө дэргэд өөрийн гэсэн циркийн сургууль байгуулж, дэргэд нь жижигхэн мини зоопарктай болъё гэсэн төлөвлөгөөтэй байна. 

Т.Жанерке
 
Мэдээний линк: http://review.time.mn/content/29312.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...