Эхлэл - Ярилцлага - Энтертайнмент
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 29

Ж.Батсайхан: Оюутнууд маань дэлхийн сонгодог мюзиклийг Монголд анх тоглолоо

“Сити” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургууль”-ийн багш оюутнуудын хамтын бүтээл, Английн алдарт хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Веберийн алдарт "Cats" буюу "Муурнууд" мюзиклийг өчигдөр УДЭТ-ын тайзнаа тоглолоо. Тус мюзиклийг Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг “Сити” дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн багш, дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачилжээ.

“Сити” дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхимийн багш, дэд профессор Ж.Батсайхантай цөөн хором ярилцлаа.


“Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Анхны мэргэжлийн ятгачин, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, Монголд рок поп урлагийн үндсийг тавьсан гэж хэлүүлж яваадаа баяртай байдаг. Би 1997-1998 оноос багшилж эхэлсэн. СУИС, “Мюзик холл” хөгжмийн дээд сургууль, “Монголжингоо” дээд сургуульд багшилж байлаа. Одоо “Сити” сургуулийн эстрад хөгжмийн тэнхимийн багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дэлхийн алдартай гурван мюзиклийг тавих санаачилга гаргаж оюутнуудаар тоглуулж байлаа. Гурвууланг нь төгсөх оюутнуудын дипломын ажлаар хийлгүүлж байв. Хамгийн анх Английн хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Веберийн “Жесус” мюзиклийг англи хэл дээр, дараа нь В.Хюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” мюзиклийг франц хэл дээр тавьсан. Гурав дахь нь Эндрю Ллойд Веберийн энэ "Cats" мюзикл болж байна.

Энэ жүжгийг сонгох болсон шалтгаан юу байв?

Би 1970-аад оны үеэс оюутан байхаасаа л мюзиклийг сонирхож эхэлсэн. Эдгээр мюзиклийг байнга сонсдог байлаа.
Яахав манайд мюзиклүүд тавигдаж байсан л даа. Дэлхийн сонгодог “Cat” мюзиклийг Монголд  анх удаа “Сити” дээд сургуулийн оюутнууд тавьж, амжилттай тоглолоо.

“Cat” мюзиклийг тавихаар бэлтгэл сургуулиа хэдий хугацаанд базаав?

Үндсэндээ 45 хоног бэлтгэл хийжээ. Дэлхийн мундаг мюзиклүүдийг хэд хэдэн жил бэлтгэдэг л дээ. Манай сургууль уран бүтээлийн байгууллага биш учраас хичээл, сургалтын хажуугаар мюзиклийн бэлтгэлээ хийсэн. Бидний хувьд мэдээж бага хугацаа биш болохоор нөр их хөдөлмөр зарцуулсан гэж бодож байна.

Сүүлийн үед манайд мюзикл кино хөгжиж байгаа. Ер нь мюзиклийн талаар манайхны ойлголт ямархуу санагддаг вэ?  
Мюзикл баруунд их моод болж байна. Монголд яг мюзиклийг гардан тавьсан түүх байдаггүй. Манай оронд 1970-1980-аад оны сүүлээр мюзикл биш  рок опера тоглолт хийдэг байсан. Дэлхийн сонгодог мюзиклийг нэг ч удаа тавьж байгаагүй. “Сити” дээд сургуулийн оюутнуудын маань тоглосон “Cat” мюзикл анхных нь болж байгаад баяртай байна. Хожим бодоход мюзиклийн түүхэнд, Монголын урлагийн түүхэнд мюзикл тоглуулж байсан түүх надаар эхлэх байх гэж бодож байна. Монголчууд мюзиклийн тухай ойлголт бага. Улаанбаатар хотын хэдэн хувь нь хөдөө орон нутгийнх байдаг билээ. Тэгээд ч манай мундаг сэхээтнүүд бүгд гадаад руу гарсан. Дэлхийн сонгодог бүтээлийг ойлгож үзэх хүн цөөхөн байна. Нөгөө талаар хүүхдүүдэд багаас нь  хөгжмийн боловсрол олгох бодлого алга. ЕБС-иудад  хөгжмийн хичээл бараг орохгүй шахуу байна. Хүүхэд багаасаа л хөгжмийн боловсролтой байж мундаг урлагийн хүн болно. Харин өнөөдрийн мюзикл тоглолтоос ажиглахад хүүхдүүд их анхааралтай үзэж байгаа харагдсан.

Мюзиклийг заавал эх хэл дээр нь тавих ёстой байдаг уу?
Мюзикл бол цэвэр сонгодог талын биш хөнгөн жанрын төрөлд багтдаг. Мюзиклийг дуулж бүжиглэж, мэргэжлийн түвшинд тоглоно. Ямар ч мюзиклийг эх хэлээр нь тавих хэрэгтэй. Сонгодог бүтээлийг тухайн орны хэлээр нь дуулах ёстой гэсэн бичигдээгүй дүрэм бий. Тухайлбал, Италийн дуурь байлаа гэхэд итали хэлээр нь дуулж байж л үзэгчдэд хүрнэ. Даяаршиж буй энэ нийгэмд орчуулж дуулбал сонирхолтой байж болох юм. Манай оюутнууд их авьяастай. Сая “Парисын дарь эхийн сүм” мюзиклийг тоглоход франц хэлээр сарын дотор сурчих жишээтэй.  Ер нь хөгжимчин, дуучин хүн ямар ч хэлэнд ойр байдаг. Дуучин хүн ямар ч хэлээр дуулж чаддаг учраас хэл бол асуудал биш.

Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
Мюзикл хамгийн өндөр хөгжсөн орон Америк, Франц байдаг. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийхэд болохгүй зүйлгүй гэж бодож байгаа.  Бид сургуулийнхаа 15 жилийн ойгоор Монголд тоглогдсон мюзиклүүдийн хөгжмийн  зохиолчдыг урьж авчрах гээд амжсангүй.  
Саяхан Чех, ОХУ-ын уран бүтээлчдээс манай сургуультай хамтарч мюзикл тавих санал ирсэн. Магадгүй ирэх жилээс хамтарсан мюзикл тавих байх.

Ярилцсанд баярлалаа

Т.Жанерке
Мэдээний линк: http://review.time.mn/content/26821.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...