Эхлэл - Ярилцлага - Нийслэл
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 6

Ю.Идэрцогт: Бид ирээдүйн хотынхоо хөгжлийн төлөө чанартай ажил л шаардана

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогттой ярилцлаа.

 -Танай газар шинээр байгуулагдан үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Ер нь ямар чиглэл үүрэгтэй байгууллага бий болчихов.
-Манайхыг ямар байгууллага байгуулагдчихав гэж олон хүн асууж, сонирхож байгаа.  Товчхондоо төр, аж ахуйн нэгж байгууллагаас ажил үйлчилгээ худалдан авах газар гэж ойлгоход болно. Тендер шалгаруулалт гэдгээр нь иргэд илүү мэднэ. Төрийн худалдан авалтыг мэргэжлийн байгууллага зохион байгуулдаг байх, ингэснээр төсвийн хөрөнгийг үр ашигтай хэрэгтэй зүйлд нь, ил тод, чанартай зарцуулагддаг болгох зорилгоор шинэчлэлийн Засгийн газар шинэ бүтцийг бий болгож, худалдан авалтын мэргэжлийн байгууллагыг Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд байгуулаад байна.

Ер нь өмнөх тендерүүд байгууллага бүрийн, цаашлаад дарга бүрийн үзэмжээр явдаг байсан гэхэд хилсдэхгүй. Нэгдсэн бодлого байхгүйгээс төрөөс  тавих хяналтын бүтэц ч тодорхойгүй. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт чанаргүй байна, ашиггүй зүйлд их хөрөнгө зарж байна гэсэн шүүмжлэлийг иргэд, олон нийтээс байнга  гарах шалтгаан болсоор ирсэн. Өнөөдрийн хотын утаа, замын түгжрэл, хог шороо, бухимдал бүгд тодорхой хэмжээгээр тендертэй холбоотой . Сайн гүйцэтгэгчээ сонгож чаддаггүй, гүйцэтгэгчтэйгээ хариуцлага  тооцдог юм байхгүй. Ийм л явж ирсэн.

-Танай байгуулагад ямар эрх үүрэг шилжин ирж байна?
-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдаж авах бараа ажил үйлчилгээний тендерүүд  манай газраар дамжиж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

-Тендер шалгаруулах ажлыг танайх шууд гардан зохион байгуулах юм уу, хуучин шиг үнэлгээний хороо гэсэн тусгай бүтэц дор чинь ажиллах уу?
-Тендерийг шалгаруулах Үнэлгээний хороо Засаг даргын захирамжаар байгуулагдана. Үнэлгээний хороог байгуулах санал захирамжийн төслийг бид Засаг даргад танилцуулна. Үнэлгээний хороо шударга ил тод ажиллах, иргэний нийгмийн болоод мэргэжлийн холбоодын төлөөлөл, энгийн иргэний төлөөллийг оролцуулан зохион байгуулах үүрэг хариуцлага манай дээр ирж байна.

-Үнэлгээний хороон дээр асуудал яригддаг. Тэнд орсон хүмүүс аль нэг эрх ашигт үйлчилсэн гэх яриа байнга хар сэр дагуулж ирсэн. Өмнөхөөсөө шинэ юм юу байна?

- Үнэлгээний хороон дээр эцсийн сонголт хийгддэг учраас тэнд хамгийн гол анхаарлаа хандуулах ёстой. Бидний үндсэн үүрэг зорилго бол худалдан авалтыг шударга нээлттэй ил тод байдлаар зохион байгуулж хамгийн сайн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах. Үнэлгээний хороо хараат бусаар ажиллах, дотроо хяналттай байх, үйл ажиллагаа нь бусдын нөлөөнд автахгүй ажиллах бүх нөхцлийг хангаж өгнө. Ер нь тухайн жилд ямар хөрөнгө оруулалт хаана хийгдэхээс эхлээд үнэлгээний хороо байгуулагдан ажиллах, эцсийн сонгон шалгаруулалт хийх зэрэг бүх мэдээллийг өөрийн цахим хуудсаар нээлттэй тавиад явна. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гэхэд л захиалагч байгууллагын төлөөллөөс гадна тухайн чиглэлийн мэргэжлийн холбоод ТББ-ын төлөөлөл, нийслэлийн жирийн иргэний төлөөлөл  ордог болсон гээд шинээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд нэлээн бий.

Хөндлөнгийн байгууллагуудын төлөөллүүд  үнэлгээний ажил зөв шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавина. Үнэлгээний хороо хуралдах тусгай тоноглогдсон өрөөг бид бэлдэж байна. Хэн ямар компанийг яаж үнэлж байна, шударга байж чадаж буй эсэх нь видео бичлэгээр баримт болоод хадгалагдана. Шаардлага хангахааргүй  компанийг дэмжээд ялуулах гээд зүтгээд байвал баримтаар  бичлэгийг нь үзэж нотлогдвол хариуцлага тооцно. Үнэлгээний хорооны гишүүн нь тендерт оролцож буй  аж ахуй нэгжийн алинд нь, ямар санал өгсөн, ямар байр суурьтай байв гэдэг нь иргэдэд нээлттэй байна л гэсэн үг. Ер нь  бүх мэдээлэл нээлттэй, элдэв хуйвалдах нөхцлийг хаагаад хяналтыг нь чангаруулсан тохиолдолд  хуулийн дагуу баримт бичгээ сайн бүрдүүлсэн, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан компани шударгаар гараад л ирнэ. 

-Иргэний төлөөлөл ордог болсон гэхээр содон байна. Өмнө нь дугаар хорооны иргэн Дорж үнэлгээний хороонд орж байсан практик бий юу?
-Байхгүй юм билээ. Шинэчлэлийн  засгийн газар иргэнээсээ асуудаг төртэй байхыг  зорьж ажиллаж байгаа шүү дээ. Хэн нэг иргэнийг оруулж байна гэдэг үнэлгээний хороо шударга ажиллахын бас нэг баталгаа болно гэж бид үзэж байгаа. Одоо бол дугаар хорооны иргэн хэн ч байсан үнэлгээний хороонд орох  эрх нь нээлттэй. Худалдан авах ажиллагааны анхан шатны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан иргэн НИТХ-д хандан нэрээ өгөхөд л хангалттай. Одоогийн байдлаар жирийн иргэдийн төлөөлөл гэхэд 40 хүний нэрийг нийслэлийн ИТХ-аас гаргаж ирүүлээд байна. Мэдээж үнэлгээний хорооны гишүүдийн тоо хязгаартай тул нэг үнэлгээний хороонд нэг л иргэн орох хуультай байгаа.

-Үнэлгээний хороо маань олон талын төлөөллөөс бүрдэж чадсан уу?
-Бодлогоо барьж л гишүүдийг томиллоо. Дээр өгүүлсэн  мэргэжлийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг аль болох бодит үнэлгээг тавьж чадах олон талын төлөөллүүдийг оруулахыг зорьж ажилласан.  Жишээ нь зам барилга дэд бүтцийн  салбарт  гэхэд л  тухайн чиглэлийн ТББ-уудаас санал нэрсийг авч, шинэ бүрэлдэхүүнээр шинэ үнэлгээний хороодыг бүрдүүллээ.
 Нэг зүйлийг онцлоход нэг хүн олон тендерийн хороонд ордогийг хязгаарлаж байгаа. Тэр байтугай үнэлгээний хорооны гишүүн хэнд ямар компанид санал өгөх гэж байгаагаа эцсийн мөч хүртэл мэдэхгүй байх боломжийг хүртэл судалж байгаа. Гэхдээ үүнд хүрэхийн тулд бэлтгэл ажил маш их хэрэгтэй байна. Мэдээллийн технологийн чиглэлийн ажлуудаас эхлээд.

-Урьд нь тендерийг шалгаруулахад тодорхой байгууллагуудаас нөлөөлж, царцааж, зогсоодог байсан. Жишээ нь Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар /ШӨХЗГ/-ын нэг байцаагч зогсоодог. Ийм хөндлөнгийн нөлөөлөл цааш байх болов уу?
-Чиг үүргийнхээ дагуу тэдгээр хяналт шалгалтууд нь байж л  таарна. Гэхдээ одоогийн баримтлах  хуулийн зохицуулалт нь өөр. Тендер нээхээс өмнө өрсөлдөөнийг хязгаарласан асуудал гарлаа гэвэл ШӨХТГ-т хандаж болно. Тендер нээснээс хойшхи гомдолыг ганцхан Сангийн яам хүлээж авна. Гэрээ байгуулснаас хойшхи гомдлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ. Хуульд ингэж л заасан байгаа. Манай байгууллагын зүгээс баримталж ажиллах  бодлого нь  тендер эхнээсээ ямар нэг гомдол санал дагуулахгүй байхуйцаар шударга, зохион байгуулалттайгаар явагдах ёстой. Бүх юм ил тод, мэдээлэл тэгш нөхцөлд хүндрэл гарахгүй байх боломжтой гэж үзэж байгаа.

Ингэж ажиллахад  зохих нөлөөгөө үзүүлэх бас нэгэн шинэ бүтцийг бид бий болгосон. Энэ нь орон тооны бус зөвлөл юм. Энэ зөвлөлийн үндсэн үүрэг нь худалдан авах ажиллагаа зөв, шударга, хууль ёсны дагуу явж чадаж байна уу гэдэгт хяналт тавина. Тэгээд зөвлөмжөө өгнө.  Нэг ёсондоо авилгаас, тэндерийн будлианаас урьдчилан сэргиийлэх үүрэг хүлээсэн зөвлөл юм. Орон тооны бус зөвлөлд хүнээ оруулах саналыг АТГ, ШӨХЗГ, ТББ-ууд, Мэргэжлийн холбоодод хүргүүлсэн. Саналууд ирж байна.

-Бүх ажлууд дээр үнэлгээний хороо байгуулагдчихсан уу, танайх  байгуулагдаад удаагүй болохоор л ингэж асууж байна л даа?
-Өнөөдрийн байдлаар үнэлгээний хороо байгуулагдаагүй 4-5 орчим ажил байна. Бусад нь байгуулагдаад эхнээсээ тендэр зарлагдаад явж байна. Газар маань шинэ бүх зүйлийг эхнээс нь хийж  байгаа болохоор ажил бол жинхэнэ ундарч байна. Дүрэм журмаа боловсруулах , хүний нөөцөө бүрдүүлэх, худалдан авалтын болоод төрийн ажилд сургах, тендерүүдээ цаг хугацаанд нь зарлах гээд олон ажлыг зэрэг зэрэг л амжуулах гэж хичээж байна даа.
 
-Саяхан танай байгууллагаас тендерт оролцогч компаниудтайгаа уулзаж байх шиг байсан ?

Замын хэдэн ажил зарлагдчихсан байгаа юм. Энэ ажилд оролцох хүсэлтэй компаниудыг урьж Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газартай хамтраад тендерийн өмнөх уулзалтыг хийлээ. Хувийн хэвшлийнхний 40 гаруй төлөөлөл ирсэн. Эхнээсээ тэднийг ижил мэдээллээр хангаж, нэг гараанаас гаргана.  Дахин давтан хэлэхэд бүх юм тодорхой байх ёстой. Гарч болох бүх эрсдэл сайн муугаа эхэлж  ярьж ойлголцох хэрэгтэй. Компаниудаас хамгийн гол нь чанар шаардахаа хэллээ. Ийм уулзалт өмнө нь хийгдэж байгаагүй юм билээ. Уулзалт хийснээр оролцогч  компаниуд материалаа бүгд жигд сайн бүрдүүлнэ, жижиг алдаа гаргахыг сэргийлж чадна. Үүнийг   өрсөлдөөн шударга явах нэг нөхцөл юмуу гэж харж байна.

-Өнгөрсөн  хугацаанд тендер дандаа муу нэр дагуулж явж ирсэн болохоор таныг “За тэр нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар чинь хэн оччихов” гэж харж байгаа байх. Та өөрийгөө товч танилцуулах нь зөв байх?
- Би өөрөө Татварын байгууллагад олон жил ажиллаж байсан төрийн албан хаагч анхдагчдын л нэг. Татвартаа байцаагчаас дүүргийн татварын хэлтсийн дарга хүртэл ажиллаж байсан. Мөн “Монгол шуудан” компанийн захирлаар хэдэн жил ажилласан. Хувийн хэвшилд бас тодорхой хугацаанд  ажиллаж үзлээ.
 Үнэнийг хэлэхэд би энэ албанд ирэхдээ эхэндээ дуртай байгаагүй. Сонгуулийн дараа намын боловсон хүчний хувьд  ажиллах саналаа удирдлагууддаа хүргүүлсэн. Гэтэл хотын удирдлагууд энэ ажлыг санал болгоход нь эхлээд татгалзсан. Маш их хэл амтай газар, тендерийг бүгд мөнгө гэж хардаг, намайг буруугаар харна өөр ажил хийе гэж хэлсэн. Өмнөөс “Мэдээж тэгж харах нэг нь харах л байх, гэхдээ хэн нэг нь хийх ёстой. Чамд төрийн ажлын туршлага бий, ажлыг зөвөөр аваад явчих ёс суртахуун бий гээд л томилсон. Надад өгсөн итгэл бас өндөр хариуцлага л даа.

Би төрийн албанд үүрэг хариуцлага хүлээн томилогдсоны хувьд энэ газрыг эхнээс нь зөв босгож, зөв эхлүүлэхийн төлөө  ажиллаж байна. Э.Бат-Үүл, Д.Баттулга  дарга нарын энэ их эрч хүчтэй хийж байгаа ажлыг манай байгууллагын ажлаар дүгнэх зүйлүүд ч  гарна байх гэж харж байгаа. Миний хариуцсан ажил олны анхаарлын төвд байнга байдаг, тэр хэрээрээр хэл ам дагуулсан, эмзэг байгууллага. Худалдан авах ажиллагааны газрыг  бие даалган тусад нь гаргаснаар ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийв гэж иргэд, аж ахуй нэгжүүд анзаарч, шударга байхыг л  хүсч  байгаа гэдгийг мэдэрч байна. Худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагад хариуцуулснаар гарах дэвшлийн  үнэ цэнэ нь ард иргэд, энэ хотын ирээдүйн хөгжил дэвшилд чиглэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс бидний ажил илүү өндөр хариуцлагыг шаардаж байгаа юм.

 Ажилчиддаа би байнга анхааруулж байгаа. Манай ажил бол төрийн ажил дотроо хамгийн их анхаарал татсан, хэл аманд орооцолдохоор, сайн хийсэн ч муу хэлэгдэхээр ажил шүү. Ажлаа ил тод  нээлттэй, шударга явуулсан цагт зөвхөн хэл ам төдийгүй хүмүүсээ ч  хардлага сэрдлэгээс  сэргийлнэ гэж хэлдэг. Албан үүргээ гүйцэтгэхдээ ямар нэг гадны нөлөөнд автахгүй  ажиллахыг хатуу шаардана. Энэ бол миний зарчим.

Нэг зүйлийг давтан хэлэхэд манай байгууллагын зүгээс ажлын чанар л шаардана. Чанартай ажил л ирээдүйд энэ хотын маань хөгжил шүү дээ. Аж ахуй нэгжүүдэд хэлэхэд гарааны нөхцөл чинь ижил байна, ийм л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө манай хамт олон ажиллаж байна гэдгийг хэлэх байна. Би өөрөө иргэн хүн. Иргэн хүний нүдээр энэ байгууллагыг яаж харж байсан, ямар дутагдал байна, яаж ажиллавал илүү үр дүнтэй вэ гэсэн тэр л мэдрэмжээрээ энэ байгууллагыг харж удирдаж байгаа. Зөв зүйлийг зорьж ажиллаж байгаа болохоор хамт олон маань  амжилтанд хүрнэ гэж найдаж байгаа.  

-Танд баярлалаа


Эх сурвалж: "Өдрийн сонин"
П.Хашчулуун
Мэдээний линк: http://review.time.mn/content/25795.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...