Эхлэл - Ярилцлага - Энтертаймент
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 2 сарын 4

Миранда Керр: Хөл алдах мөчид бүх хүн над руу ширтэж, ингээд дуусаж байгаа мэтээр харсан

Австралийн сайхан бүсгүйчүүдийн нэг, "Victoria"s Secret"-ийн загвар өмсөгч, топ модель Миранда Керр өнгөрсөн сард "Bazaar" сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр 2007 оноос Их Британийн жүжигчин Орландо Блүүмтэй үерхэж, 2010 онд хосууд хуримаа хийсэн юм. Тэд 2011 оны нэгдүгээр сард Флайн Кристофер Бланчард Койпланд Блүүм хэмээх хүүтэй болсон билээ.

-Танд "Victoria"s Secret"-ийг орхиж, Холливудын кинонд тоглох санал сүүлийн саруудад ихээхэн ирэх болсон нь үнэн үү?

-Тийм ээ, би тэдний саналыг одоогоор хүлээж авах боломжгүй байна. Хүүгээ асарна, ажилдаа цаг зарцуулна гээд төлөвлөсөн ажил маш их байгаа. Гэхдээ надад жүжиглэх чадвар бий.

-Ингэхэд "Victoria"s Secret"-ийн удирдлагууд гэрээгээ сунгасан уу?


-Бид таван жилийн хатуу гэрээ байгуулсныг эргэн харж, шинэчилсэн. Би агентлагт 2015 он хүртэл ажиллана.

-Агентлагийн удирдлагууд шинэ загвар өмсөгчдөд илүү өндөр шаардлага тавих болсон нь үнэн үү. Жишээлбэл гэрээ байгуулсан хугацаанд жирэмсэлж болохгүй гэх бэрхшээлтэй заалт бий шүү дээ?

-Агентлаг бол бизнесийн байгууллага учраас тэдэнд тогтвортой ажиллах загвар өмсөгчид шаадлагатай. 15 жилийн өмнөхийг бодвол "Victoria"s Secret"-ийн шаардлага зөөлөрсөн. Хүүхэдтэй болох талаар илүү уян хатан хандаж байгаа. Хүүхэдтэй болсон тохиолдолд гэрээг нь зургаан сараар цуцалдаг.

-"Victoria"s Secret"-ийн сахиусан тэнгэр байна гэдэг амаргүй. Тэд таныг хэдэн нас хүрэхээр гэрээгээ цуцлах бол?


-40 нас хүртлээ тайзан дээр агентлагийн нүүр царай болох боломжтой. Миний хувьд хамгийн чухал нь гэр бүл. Нөхөр, хүүгийнхээ төлөө юуг ч орхиж чадна. Магадгүй 35 нас хүрэхэд "Victoria"s Secret" дэх миний байр суурь ганхаж эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бүх зүйл цаг хугацаандаа байдаг. Би үүнийг тойрч чадахгүй.

-Та тайзан дээр гарахын өмнө бяцхан залбирал үйлддэг гэсэн. Энэ нь таны буддизмыг хүндэтгэдэгтэй холбоотой юу?

-Хүн бүрт шүтээн байх учиртай. Флайн, Орландо нарын зургийг үнсээд тайз руу гардаг. Өмнө нь ч гэсэн гэр бүлийнхээ зургийг үнсдэг байсан. Алессандра Амброссио төрийн далбаагаа үнсээд гардаг. Тэр бол эх оронч эмэгтэй. Харин би гэр бүлдээ үнэхээр хайртай.

-Та тайзан дээр хөл алдаж байсан уу. Хамгийн том дурсамжаа яриач?


-2004 оны зун байж боломгүй алдаа гарсан. Энэ бол миний алдаа биш л дээ. Манай гутлын дизайнер миний өмсөх ёстой 14 см өндөр өсгийтэй гутлын өсгийг нарийн тэгшлээгүй мартсан. Би үүнийг анзааралгүй өмсөөд гарсан. Тэгээд тайзан дээр дөнгөж гараад хөл алдсан. Тэр мөчид бүх хүн над руу ширтэж бяцхан охины загвар өмсөгчийн замнал ингээд дуусаж байгаа мэтээр харж билээ. Би өндийж тайзаа бүрэн тойрох хэрэгтэй гэдэг бодлоосоо салаагүй. Тайзны ард хэчнээн боломжоо алдсан тухайгаа бодоод л уйлаад байсан.

-Түүнээс хойш алдаа гаргасан уу?


-Үүнээс хойш бэлтгэл маш сайн дадлага болдог гэдгийг ойлгосон. Тайзан дээр гарахын өмнө бүх зүйлээ өөрөө шалгадаг. Өмсөх гутлаа өөртөө тохируулж, хөлдөө багагүй хугацаанд дасгах шаардлагатай. Гэвч дөнгөж модель болж байгаа охид өөрсдийгөө бүхнийг чаддаг гэж найдаад тайзан дээр алдаа гаргах нь олон байдаг. Чадвараа нэмэгдүүлье гэвэл ганцаараа байхдаа ч бэлтгэлдээ цаг гаргах ёстой.

-Тайзны ард олон бүсгүй бие биедээ ихээхэн атаархаж, үнсгэлжингийн хойд эх, эгч нар шиг хорлонтой ажиллагаа явуулах тохиолдол цөөнгүй биз?

-Энэ бол ямар ч салбарт тохиолддог жирийн бэрхшээл шүү дээ. Амжилт үргэлж атаархалтай хамт ирдэг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр бусдыг хорлох биш өөрийгөө хэрхэн сайжруулах талаар атаархах ёстой. Гэвч зарим нь бусдыг хорлосноор өөрийгөө амжилтад хүрнэ гэж боддог. Энэ бол явцгүй санаа юм. Хорон санаатнууд үргэлж ялагддаг.

-Та бяцхан Флайнд хэр их цаг зарцуулж байна?

-Тэр саяхан хоёр нас хүрсэн. Бид Лос-Анжелест гэр бүлийн хүрээнд төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Ойрын хугацаанд сонин, сэтгүүл, сурталчилгааны зураг авалт багатай байгаа учраас гэр бүлдээ зарцуулах цаг харьцангуй боломжийн байна.

-Флайнд танд ирдэг шиг сурталчилгааны саналууд ирж байгаа юу, өнгөрсөн сард "L kids" брэндийн сурталчилгааны саналаас яагаад татгалзсан юм бэ?


-Би хүүгээ багаас нь сурталчилгааны самбар болгохыг хүсэхгүй байна. Орландо ч үүнийг таашаадаггүй. Гэхдээ олон жилийн сурталчилгааны гэрээ байгуулсан зарим компани байдаг.

-Та хоёр ойрын хугацаанд дахин хүүхэдтэй болох уу. Охинтой болохыг хүсэж байна уу?

-Одоо бидэнд төлөвлөсөн ажил маш их байна. Тийм ээ, би охинтой болохыг хүсэж байна. Бяцхан даашинзуудыг хараад надад битүүхэн атаархал төрдөг. Гэхдээ ирээдүйн хүүхдийн хүйс надад оньсого мэт байг.

-Би муу амлах гээгүй шүү. Орландо та хоёрын харилцаа Холливудын бусад хосоос ямар ялгаатай вэ. Тэдний дийлэнх нь салдаг?

-Бид бие биедээ хайртай. Магадгүй таны ярьсан удахгүй салдаг хосууд жинхэнэ хайраа олоогүй, эсвэл өөрсдийгөө хэсэг хугацаанд зугаацуулахыг боддог болов уу. Бид уламжлалт гэр бүлийн харилцааг эрхэмлэдэг. Англи, австраличууд ийм учраас америкчуудаас ялгаатай. Тэнд амжилт гаргахад тогтвортой гэр бүл чухал байдаг. Дэвид Бекхэм, Викториа нар тод жишээ шүү дээ.

-Та 2007 оны хавар "Өглөөний мэнд америкчууд аа" шоунд оролцохдоо яагаад Холливудынхныг хэтэрхий баярхсан, хөрөнгө чинээгээрээ гайхуулах дуртай хүмүүс гэж тодорхойлсон юм бэ?


-Би тэр үед "Victoria"s Secret"-д элсээд удаагүй байсан. Дөнгөж Холливудын амьдралд хөл тавьж байсан учраас надад таалагдаагүй байж болох юм. Одоо тэр бодол өөрчлөгдсөн. Гэхдээ Холливудад хөрөнгөөрөө баярхах, ялгарахыг хүсдэг хүмүүс маш олон. Намайг брэндийн биш хувцастай байхад дараа нь нэг үдэшлэгийн үеэр ярих жишээтэй. Заримдаа тэдэнд ярих сэдэв олддоггүй байх.

Д.Түвшинтөр



Мэдээний линк: http://review.time.mn/content/24660.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...