Эхлэл - Ярилцлага - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 11

Б.Баасансүрэн: Монгол хүн л Якутын -70 хэмийн хүйтэнд тэсдэг байх

Бусдад үрийн заяа хайрлаж алтан гартай, халуун сэтгэлтэй хүн хэмээн дуудуулж яваа нэгэн хүндтэй хүнийг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа. Тэрээр манай сонины “Энэ цагийн эгэл баатар-2012” шалгаруулалтын тусгай байрын шагналтан билээ.  Анчидтай нөхөрлөж, ургамал судалж явсаар нэг л мэдэхэд цаа буга  “судлаач” болж, Якут эмэгтэйчүүдийг үртэй болгох эгэл бус, энэрэнгүй ажил эрхэлж буй Б.Баасансүрэн эмчтэй нутагтаа ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр Анагаах  ухааны дэд доктор, Биологийн ухааны доктор, Түвдийн анагаах ухааны оточ маарамба, “Азийн цаа буга” нийгэмлэгийн ерөнхийлөгч зэрэг урт гуншинтай.

-Таныг анчдыг дагаж, нөхөрлөж яваад цаатан түмэнтэй холбоотой болсон гэж ярьдаг юм. Яагаад тэднийг түших болов?

-Ан амьтан юугаар хоол­лож байгааг мэдэх хүсэлдээ автаж анчин найз нараа дагаж явдаг байлаа. Эмийн ургамлыг, амьтдын ходоод, гэдэс дотроос олж харж, судалж, мэдэх гэж зорьж байгаа нь тэр.

  Амьтан ер нь хүнээс илүү ухаантай шүү. Дөрвөн ули­ралд зохицуулаад хоо­лолдог. Ямар үед биеийн хүчээ сэргээх вэ, гадны нөлөөнөөс өөрийгөө хэр­хэн хамгаалах вэ гэдгээ дэндүү сайн мэднэ. Бид элдэв өвчнөөс сэргийлэх гэж вакцин тариулдаг. Гэтэл амьтад 10 км-ийн цаанаас юу болох гэж бай­гааг урьдчилан мэдэрдэг юм. Тиймээс л би амьтныг идэш, хоолоор нь дам­жуулан судлах болсон. Амьтны бүдүүн, нарийн гэдсийг харж ямар ургам­лаар хооллосныг үзэж зур­гийг нь авна.  Би Багшийн дээд сургуулийн багшаар ажиллаж байлаа. Оюут­нууд­тайгаа хамт сангийн аж ахуй, хөдөө явна. Тэнд цаа буга байхгүй ч гэсэн ургамал, идшийг нь суд­лаж байлаа. Анх намайг Хөвсгөл рүү, Якут руу гарахад тусалсан хүн нь циркийн Дамдин аварга. Дамдин аваргын нэрээр би Хөвсгөлд очиж цаачидтай уулзаж байсан. Ингэж жинхэнэ клиник рүү орсон доо. 1968-1970 онд аварга ид мандаж байсан. Аваргын гэргий бас багш. Дэндүү гүндүү­гүй, хүний төлөө гэсэн нэгэн байлаа. Намайг очи­хоор “багш ирэв үү” гээд бор авдрын булангаас ганц шил юм гаргаж ирээд ханзалж модон тагшинд хийдэг байсан сан. Аминдаа их хүндэтгэж байгаа нь тэр.

-Хайдав гуайг уламж­лалт анагаах ухаанд толгой цохидог эмч гэдэг. Таны багш байх аа?


-Хайдав багшийг Мон­­­­­­­­го­­­лын уламжлалт ана­­­гаах ухааныг авч үлд­сэн хүн гэж хэлж болно. Төвдийн анагаахын уламж­­­лалыг би барьж байсан болохоор бид багш шавийн барилдлагаа нуу­цаар хийлээ.  Дараа нь биологийн ухааны ака­демич Шагдарсүрэн багш маань надад их тус болсон. Тэр сүрхий хүнд хийгээ­гүй ажил, хашаагүй алба гэж үгүй. Багш нар маань намайг “Миний шавь XXI зуунд нэрд гарах хүн дээ” гэж хөөргөдөж ямар шавь төрүүлснээ мэддэг байж. Миний бурхад намайг их үнэлдэг, өн­гөлдөг байсан юм. Тэнгэрт халихынхаа өмнө намайг үнсээд “Ми­ний хүүгийн толгойд дэд эрдэмтэн биш доктор цол өгмөөр байгаа юм. Үүний хөөцөлддөг судал­гаа дэл­хийд цахиур хагалж шинж­лэх ухаан болж гай­хаг­дах цаг ирнэ. Миний шавь гадаад, до­тоо­дын эрдэмтдийн ном, зохиолыг хуулаагүй. Нүү­дэлчин монголчуудын ана­гаах уламжлалыг ши­нэ эринд нээж гаргаж ирнэ. Та нар харж байгаарай” гэж ам гарч байж билээ. Эргээд бодож байхад, нүүдэлчин мон­голчуудын анагаах ухаа­ныг дэлхийд гайхуулах хүн гэж намайг аминдаа тоосон байж. Би ч чаддаг зүйлээ хөөцөл­дөж, багш нарынхаа заасан, сурга­сан зүйлийг ямагт бодож, ажил, амьдралдаа хэрэг­жүүлдэг юм. Намайг за­рим эрдэмтэн халх хүн биш. Эрлийз, Якут гаралтай гэж хүртэл адалж байсан үе бий. Би Якут хэлийг таван жил үзэж, судалсан. 20 орчим жил энэ хэлээр ярьж, бичиж байгаа. Тэнд амьдарч, ажил­­­ласаар Монгол хэл­ний авиа зүй, дагавар, нөхцлийг сүүлдээ мартчи­хаад байсан.  Судал­гаагаа хийхийн тулд тухайн ул­сын хэл, соёл, түүхийг судлан, хүмүү­сийн зан байдалд тааруулж ажил­лаж ирлээ.

-Австриас авсан шаг­нал тань таны хийсэн ажлын үр дүнг үнэлсэн бас нэг хэмжүүр байх. Ямар нэг шалтгаанаар хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүсийг та үртэй болгох буянтай ажил хийдэг гэсэн. Таны ажлын эрдэм, шид нь юунд байна вэ?

-Энэ бол манай ардын уламжлалт анагаах ухаа­ны ач юм. Ардын уламж­лалт анагаах ухааныг европтой хослуулснаар би олон хүнд тус хүргэж бай­гаа болов уу. Эм уулгаад “Хүүхэдтэй болгоно ча­майг” гэж хүнийг хуур­даггүй. Эмч хүний хувьд шинжлэх ухааны үүднээс үйлчүүлэгчдээ анализ хийх хэрэгтэй. Тэр хүний аж, амьдралын түүхийг харна. Манайхаар бол ур­гийн бичгээр хөөж хэд дэх үе дээрээ хүүхэд гаргаа­гүй улс гарч байв гэж тодруулна. Ээжийнх нь бөөр өвчтэй бол хүүхэд түүнийг өвлөх жишээтэй. Энэ бүхнийг судлан тог­тоож хэдэн жилээр эмчил­нэ. Бүсгүйчүүдэд хүчтэй тариа хийгээд л жирэмс­лүүлдгийг би дэмждэггүй. Тан уулгана. Таван цулаа эрүүлжүүлж байж эх хүн сая эрүүл хүүхэд төрүүл­нэ. Би багаасаа л гартаа  увдистай байж. Жирэмсэн хүний хэвлийг илээд л хүүхдийг зөв байрлалтай болгочих жишээтэй.

-Тэр цагт таны ажлыг нийгэмд ойлго­дог­гүй бай­сан гэлцдэг. Энэ үнэн үү?


-Нууцаар энэ ажлаа хийнэ. Эмэгтэйчүүдийн эмч нартай би эртнээс холбоотой байсан. Цаг хэцүү байхад сав нь хийдсэн, эсвэл хүүхэд нь шалтаглах гээд байгаа эмэгтэйчүүдийг нууцаар нуруу, сав, бөөрийг нь барина. Хааяа баригдаж цагдаад хүртэл дуудагдаж, байцаагдаж явлаа. Эмч нар маань жирэмсэн эхийг үзээд л хүүхэд буруу байр­лачихаж, Б.Баасансүрэн эмчид очиж бариулж гажаагаа гарга гэдэгсэн. Надад хэдэн сайхан араг, жаахан гудаснууд байдаг байв. Хүүхэд нь гажсан эмэгтэйг сайн өдөр, судар харж байж эх барина. Энэ бүхнээ улс, амьтнаас нууж хийнэ. Анхны болон хожуу төрөлт, эсвэл тааруу бие­тэй бол эртнээс нөгөө эмэг­тэйтэй ноцолдно. Баруун тал руугаа хүүхэд нь орж. Буруу байрлалтай байна. Хүүгээ ороочихож гэх мэтээр элдэв гажгийг нь засч багш нарыгаа хүртэл төрүүлж бусдад буян хийж явсан үе миний амьдралын түүх юм даа.

-Якутад та хэрхэн аж төрж байна. Тэнд тоймгүй хүйтэн гэх юм. Та 18 жил тэсчихсэн үү?


-Оросын дээр үеийн брезентэн майхан, буюу урцанд галаа түлээд аж төрдөг гэхээр хүн үнэмш­дэггүй юм. Ийм майхан чийг татдаггүй, салхинаас найдвартай хамгаалдаг. Ус нэвтэрнэ гэж үгүй. -70 хэмийн хүйтэн байхад майханд галаа түлээд л эртний хүн шиг амьдардаг юм.

-Тэнд байшин барилга, орчин үеийн сууц байхгүй гэж үү?

-Дөрвөн цагаас хойш их жиндэнэ шүү. Бид мөсөн дээр барьсан ийм л урцанд амьдардаг. Улаан­баатарынхан шиг тэнд паар­тай байшин, паалан­тай жорлон байхгүй. Орон сууц ер байхгүй. Цаа­тан­гууд нүүдэлчин амьд­ралтай учраас суурин соёл иргэншлээс хол. Тэдэнтэй халж , хөрч, зовж, жаргаж хамт амьдарч байж би эмийн ургамал, танд орох дайвар зүйлээ олж авна. Би тэр амьдралдаа дуртай.

-Та ажилдаа  зүрх сэтгэлээ өгчихсөн юм уу даа?


-Зарим хүн намайг хараад “Иш чааваас даа. Ингэж ч өөрийгөө  сайн дураараа цөлж байх ч гэж” хэмээн халагладаг юм. 1932 онд манай улсаас олон хүн Якутад цөлөгдөж тэнгэрт хальсан гэсэн. Ажилдаа дуртай юм хойно, яая гэх вэ. Цөллөгийн нутаг, хүнд газар байна гээд буцалтай биш. Би олон хүнийг үр хүүхэдтэй болгож, буян үйлдэж яваа гэж өөрийн амьдралдаа гэрэл гаргаж, зөвтгөдөг. Үр хүүхэдгүй байхын зовлонг үгээр хэлэх юм биш. Би биеийн амрыг харж тансаг сайхан амьдралыг хүсдэг­гүй. Бусад хүн  өөрийгөө мэдэхгүй хүнийг үртэй, үргүйгээр нь элдвээр дуу­даж сэтгэлийн шарх өгч, өөртөө том нүгэл хурааж байхад би тэр хүнийг эмчилж үр хайрлаж байгаа учраас бэрх нөхцөлд амьд­рах маань надад сонин биш.  Үүнтэй ижил бас хүүхэд олоогүй байгаа хүмүүсийг хиймэл үр суул­га гэж залхуурдаггүй. Болж л өгвөл эмэгтэй­чүүдийг хүний жам ёсоор жирэмс­лүүлж эрүүл хүү­хэд төрүүлээсэй гэж хүсдэг.

-Та Монголдоо аж  төрж, тэднийгээ анагааж, үр­гүйд­лийг судалж, эм­чилж юу нь болохгүй байгаа юм бэ?


- Хөөрхий, Якутуудыг өрөвдөөд болдоггүй юм. Тэгээд л би энд тэдэнд туслахаар заяагдсан байх. -72 хэмийн хүйтэнд хөлдүү мөсөн дээр майхан бариад амьдарч байгаа эмэгтэй­чүүд эрүүл байх уу. Эрүүл байлаа гэхэд хүүхэд тээх чадвар нь буурна. Бурхан тэдэнд аз хайр­лавал эмэгтэйчүүдийнх нь 40 хувь нь хүүхэд гаргадаг. Өндгөвч нь царцаад хүүхэд тээх чадваргүй болчихдог юм байна. Ийм хүмүүс миний дэргэд байхад би яаж тэднийг өрөвдөхгүй, тоохгүй, хайрлахгүй хаяад явах юм бэ. Болдогсон бол  хүүхэд төрүүлдэггүй бүх эмэгтэйг нь эмчил­мээр санагддаг юм.

-Таны хийсэн буян нэг үндэстнийг аварч байгаа юм биш үү. Та Якутад “од” биз?

-Тэд надад хачин хайр­тай. Хүнээр хайрлуулна гэдэг бол их сайхан мэд­рэмжийг төрүүлдэг юм. Гэтэл сая эх орондоо ирээд, 18 жил байгаагүй хүн чинь төөрч, хуучны эрэдмтдийн өргөөг асуудаг юм байна. Гэтэл “Би яаж мэддэг юм бэ” гэж шил­бүүрдээд дайрах шахаад хөндөлдөөд гарахаар нь би гайхаж хоцорлоо. Гэтэл манай Якутынхан “Өнөөх сүрхий эмч чинь явж байна. Унаа уншийг нь залгуулчихъя, юу хэрэгтэй байна” гээд гүйж өгнө. Тэрэг нь эвдэрвэл тэд бие биедээ тусалдаггүй хэр­нээ, надтай таарсан хэн ч гэсэн туслах гээд л гүйнэ. Тэнд чарга, тэрэг эвдэрч хээр төөрвөл гуравхан ми­нутын дотор амиа алддаг юм. Тиймээс гурван чарга чирдэг. Нэг чарга эвдэрвэл нөгөөг нь сэлгэнэ. Хахир өвлөөс авах юм нь цаа буга яаж тэр тэсгим хүйтнийг давж байгааг би мэдэх гэж мэрийж тийшээ тэмүүлдэг юм. Гурван есийн хүйтэн эхлэх гээд би сандраад Якут руу яарч явна.  Цаа бугын бүдүүн, нарийн гэдсэнд нь их нарийн юм байна. -50-60 хэмийн хүй­тэнд биеийг нь цар­цаахгүй авч давхидаг юу тэдэнд байна. -72 хэмийн хүйтэнд хөлдчихөлгүй хүний хөсөг болж байгаа цааны нууц юунд байгааг тайлах са­наатай л хүйтэн газар луу явдаг юм. Ма­шины цонх цантуулахгүй зүйл хий­хийн тулд ямар ургамал тэд идэж вэ гэж судална.  

-Өнөөгийн хүмүүс би­еийн амрыг харсан хөнгөн ажил хийж, тавтай, тухлаг ажлын байр руу тэмүүлдэг болж. Таны энэ ажлыг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүний эмч байж малын эмч шиг сонин юм ярилаа гэж дургүйлхдэг хүн таардаг. Би тоодоггүй юм. Хүмүүсийн эрүүл мэн­дийн төлөө амьдралаа зориуллаа. Миний энэ зовлонг мэддэг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг юм. Би баян болох гэж энэ хүйтэн хөндийг зо­риогүй. Хойч үедээ эрдмээ үлдээх гэсэндээ судалгаа хийж явна. Ямар ч мундаг эрдэмтэн Монголд ирээд  -40 хэм хүрэхэд л буцаад нисдэг. Монгол туургатан, нүүдэлчдийн удам би -70 хэмд ажрахгүй 18 жил боллоо. Бишгүйдээ л өвдөж, зовж  байсан. Тэр болгонд түргэн дуудаад байх биш, хээр талд хэн очих билээ.

Танай сонин “Энэ ца­гийн эгэл баатар” арга хэмжээг зохион байгуулж жинхэнэ эгэлгүй хүнийг бусдад таниулж суртал­чилж байгаад би баяртай байна. Би Австрийн хаанаас шагналаа гардаад буцах гэж байхад танай арга хэмжээний талаар дуулгалаа. Монгол хүний бэрхшээлийг давах, хүйтнийг даах, эрдэмд шамддаг тууштай аугаа чадварыг тэд үнэлсэн байх гэж боддог юм. “Амиа золиосолж наанаа юу хийж байгаа юм бэ” гэж асуудаг эрдэмтэн хүртэл таарсан шүү.    

-Якутын тал хээрд та хэнтэй ханьсах уу. Цаа­тайгаа хамт байхад жаргал уу?

-Тэнд эрчүүд л байдаг. Ингэж амьдарч  байж би эм, танд орох бүтээг­дэ­хүүнээ олж авдаг юм.  Хүйт­­­­нээс айгаад архи уувал төд удалгүй хөлдүүс болно. Архи уусан хүн гурван минутад л бурхны оронд очно гэж мэдээрэй. Дээр үед тэр хэсгийг цөл­лөгийн орон гэдэг, одоо ч хаалттай бүс хэвээр.

Цаа буга хүнээс илүү ухаантай адгуус. Хээлтэй цаагаа хайрлаж, халам­жилж байгаа гэж маягтай шүү. Цаагаа дагаж явж байж хүмүүст хэрэгтэй эмийн ургамал олж, жор хийнэ. Бугын цусан эв­рийн ургалтыг харж байж эрээс нь авах уу, эмээс нь авах уу гэдгээ шийднэ. Ямар өнгийн эвэр, хэдэн сартайд нь авах вэ гэх мэтээр нарийн судалгаа хийнэ.

-Танай эцэг, эх  Якут тийш нутагладаг байсан юм биш биз. Монголчууд нэ­лээн нутгархдаг шүү дээ?

-Миний ээж Архан­гайнх, аав маань Баян­хонгор аймгийнх. Би ба­гадаа өнчирч хоцорсон. Их ч зовлон туулсан. Ах дүү бараг л байхгүйтэй ижил. Гэхдээ төрсөн ах, дүүгээс ялгаагүй сайхан ойр дот­ны хүн олон бий. Үртэй болсон хүн бүр л намайг эцэг, эх шигээ дээдэлдэг юм.  Ээ дээ, хэлээд барш­гүй, тайгын цаа буганы шид их шүү. Улаан номд орсон, ямар ч өвчингүй, зэрлэг 21 цааг би тунд­рын тайгаас оруулж ирээд өрөнд орсон.  Мөнгийг нь хүмүүс хуваа­гаад идчих­сэн. Цагаан баавгайтай адилхан амь­тан шүү. Тува, Хөвс­гөлийн цаа өвчтэй байх нь бий. Өвчтэй амьтнаас авсан дайвар бүтээгдэхүүнээр  хүн эм­чилнэ гэж тоглоод яах вэ.

-Таныг анх Якутад очиход хүмүүс яаж хүлээж авч байв. Орос ах нар зүгээр л хүлээж авч байна гэж үү?


-Якутын Шинжлэх ухаа­­ны академи анх на­майг дуртай хүлээж аваа­гүй. Улс орны нууц зүйл гэж бий. Улаан номд орсон амьтныг хэн дуртай хү­нээр судлуулах­гүй, том гүрэн том байдаг юм би­лээ. Хаалттай бүс рүүгээ мон­гол эмчийг зүгээр оруу­лахгүй шүү. Тагнуул юм уу гэх мэтээр сэрдэнэ. Хүний хайрыг татаж байж би тэнд өөрийн орон зайгаа олж авсан. Шинж­лэх ухааны ака­демид нэр хүндтэй болж байж тэдний хүн болно. Би биологийн ухааныг судалсан мэр­гэжлийн хүн, цааны тэ­жээлийг судлах гэж явна гэдэг байлаа. Тэндхийн өвчин, зовлон­той хүмүү­сийг эмчлээд би их нэрд гарсан. Академич Б.Чад­раа гуай Якутад ирээд миний өмнөөс их баярлаж, хөөрч билээ.

-Танд юу гэж хэлж байв. Нутгаас нь мэргэжил нэгтэй шахам хүн ирээд ярилцаж байхад ямар санагдав?


-“Мах иддэг монгол хүн энэ хүйтнийг тэсч таарна. Та үнэхээр энд­хийн “од” болсон юм байна. Таныг үзээд энэ Якутууд наадам болж байгаа аятай оволзох юм” гэж хэлж байсан. Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр “Тайгын цааг ганцхан Баасансүрэн эмч оруулж ирж чадна” гэж  урмын үг хэлж байсныг санахад сайхан байдаг юм. Хүн гэдэг чинь урмаар амьдар­даг шүү дээ. Якутын Шинж­лэх ухааны акаде­мид ажиллахынхаа ха­жуугаар миний дуртай, хүссэн ажил болохоор хэ­дэн хэмийн хүйтэн байх нь надад асуудал биш, хөл­дүү, хүйтэн нутгаар хэсч өгнө.  

-Монголчуудын үр­гүйд­лийн шалгааныг та судалж үзэж байв уу?


-Би Б.Жав багштайгаа хамт аймгуудаар явж монголчуудынхаа эрүүл мэндийн талаар судалгаа хийж байсан. Үргүйдэлд  хүүхдүүд буруутай биш шүү. Монголчуудын улам­жилж ирсэн амьдралаас хоцорсон лай ланчиг, ха­раал хийсэн, удамшлын гаралтай, элдэв өвчнөөс шатгаалсан, генетиктэй холбоотой янз бүрийн зүй­лээс үргүйдэл шалтагладаг юм байна.  Ялангуяа хар хэл амны үзүүрээр, хараа­лаар хүүхдийн заяа, буяны хаачихсан ч тохиолдол сүүлийн үед гарах болж. Үүнийг нээж гаргах шинжлэх ухаан бол будда юм. Би чиний үеийн нэг охинтой. Анагаахын сур­гууль төгссөн юм. Гэтэл хар, цагаан хэл ам, хараалын гайгаар охины минь хөлийг гэмтээчихэж. Харуусаад л сууж байна, ах нь. Солон­гост хагал­гаанд орлоо, саяхан.

Би жирийн хүн биш, багаасаа л гартаа бага зэргийн шидтэй, түүн­гээрээ эхчүүд, эмэгтэй­чүүд, хүүхдүүдэд тус дэм болсоор өнөөдрийг хүрлээ. Казахын нэрт сэтгүүлч бүсгүй надтай хамт Австрийн эзэн хаанаас “Хүн зонд үнэнийг ойлгуулдаг” гэсэн шагнал авлаа. Тэр миний ажилд талархаад намайг үнссэн шүү. Та бүхэн миний ажлыг ойлгож байгаад би их баярлаж байна.

-Та гадны хүмүүсийг эмчилж байхаар Монгол­доо ирээд нэг сарын хуга­цаа­тай ч юм уу эмэгтэй­чүүдэд үзлэг, оношлогоо, эмчил­гээ хийж болдоггүй юм уу. Гадны бүсгүйчүү­дийг үртэй болгож эмчил­лээ гэхээр манайхан ха­рамлах сэтгэл төрөх байх?


-Миний хоёр дахь гэр бүл, эх орон бол Якут. Би Якутын ард түмэнд хайр­тай. Ми­ний хийсэн ажлын ам­жилт, бүтээл бүгд тэн­дээс улбаатай учраас тэр.  Якутын эмэг­тэйчүүдийн хайр, энэрэл, залбирал намайг тэр хүйт­нээс аварч, би хөлдчихгүй тэсч үлддэг болов уу. Хийж байгаа ажлынхаа төгсгөл, үр дүнг үзчихээд нутагтаа ирэх санаа бий.

-Цаатан түмнээс уяа­тай таны сэтгэл хэзээ Монгол руу урвах бол?


-Би тэтгэвэрт гарсан ч тэндээ л ажиллана. Нүд анитлаа дуртай ажлаа хий­­­­­нэ гэж боддог юм. Ми­ний хийж байгаа ажил монголчуудын нэр дээр л хаяглагдана. Оросууд на­майг иргэнээ болгох гэдэг юм. Би ийш, тийш явах бүртээ ирээд виз даруу­лаад явдаг юм. Энэ бол миний эх оронч зангийн илрэл. Манай иргэн бол­бол сар бүр 1500 рубль өгье гэхэд ч би дуу­гараагүй. Монголд төрж өсөөд, ну­тагтаа боловсрол эзэмш­сэн маань үнэн юм чинь. Мөнгө миний амьд­ралд сонин биш. Олонд тус­ласан буяны үрээрээ л би ийм заяа, төөргөөр явж байгаа байх. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Д.Мягмар

Мэдээний линк: http://review.time.mn/content/23714.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...