Эхлэл - Ярилцлага - Эдийн засаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 18

“Банкууд харилцагчийнхаа даатгалын хураамжийг төлнө”

Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэнтэй Хадгаламжийн даатгалын хуулийн талаар ярилцлаа.

-Хадгаламжид баталгаа гаргах хуулийн үйлчлэл дуудсан. Одоо хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэлэлцүүлж байна. Энэ хуулийн ач холбогдол юу байх вэ?

-Даатгалын тогтолцоо санхүүгийн аюулгүй байдлын гол хэрэгсэл. УИХ Хадгаламжийн баталгааны тухай хуулийг 2008 онд баталсан. Хадгаламжийн баталгааны тухай хууль өнгөрсөн сарын 25-нд хүчингүй боллоо. Ер нь хадгаламжийн эрсдэлийг бууруулах механизм байх ёстой. Монголбанкныхан хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулаад Засгийн газраар дамжуулж, УИХ-д өргөн бариад байна. Хуулийн эхний хэлэлцүүлэг явсан. Одоо ажлыг хэсэг ажиллаж байгаа.

-Энэ хуулийн төсөлд 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгоно гэж заажээ. 20 саяас илүү хадгаламжтай хүн бүх мөнгөө нөхөн олговроор авах боломжгүй гэж ойлгож болох уу?


-Даатгалын нөхөн олговор гэж байдаг. Хуулийн төсөлд 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгоно гэж заасан байгаа. 30 сая төгрөг хадгалуулсан хүн даатгалын хуулийн дагуу дээд тал нь 20 сая төгрөгийн нөхөн олговор авна. 10 саяыг хадгалуулсан хүн даатгалын сангаас 10 сая төгрөг авна. 20 саяыг хадгалуулсан бол 20 сая төгрөг авна гэсэн үг.

-Хадгаламжийн даатгалд зориулж төсвөөс мөнгө гаргана гэж ярьж байсан. Энэ ямар учиртай вэ?


-Хадгаламжийн даатгалын хууль батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпораци гэсэн байгууллага даатгалын нөхөн төлбөрийг хариуцаж ажиллана. Энэ байгууллага урт хугацаанд тогтвортой ажиллахад хуримтлал буюу санхүүгийн нөөц чухал. Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулахад Монголбанк, Засгийн газраас тодорхой хэмжээний эхлэлийг хөрөнгөөр дэмжиж ажиллая гэсэн байр суурьтай байгаа.

-Нөхөн олговрыг 20 сая төгрөгөөр тогтоохоор харилцагчид мөнгө олон банкинд хадгалуулах гэх мэт сөрөг үр дагавар гарах уу?

-Энэ бол банкны харилцагч олон нийтийг хамгаалж байгаа төрийн арга хэмжээ. Тиймээс сөрөг үр дагавар маш бага. Хуримтлал үүсгэж чадаагүй тохиолдолд банк дампуурвал даатгалын корпорацид эрсдэлтэй. Гэсэн хэдий ч хуулийн төсөлд корпорациас гадна төрөөс батлан даана гэсэн нөхцөл байгаа учраас ямар нэг сөрөг үр дагавар, эрсдэл байхгүй гэж бодож байна.

-Банкуудын хариуцлага сулрах магадлал бий юү?

-Хариуцлага сулрах магадлал байхгүй гэж хэлнэ. Итгэж мөнгөө хадгалуулсан харилцагчийнхаа мөнгийг хамгаалахаар банк өөрөө шимтгэл төлж даатгуулна. Харилцагчаа хамгаалах тал дээр банк илүү хариуцлагатай ажиллах юм. Даатгалын хураамжийн хэмжээг хуулийн төсөл дээр 0.5 хувь гэж заасан байгаа. Энэ яваандаа банкны өөрийнх нь эрсдэлээс хамаарч дээш, доош нь хөдөлгөх боломжтой. Хэрвээ эрсдэлээ бага байлгавал хадгаламжийн даатгалын хураамж бага төлөх нь гэж ойлгож болно.  

Т.Энхбат
 


Мэдээний линк: http://review.time.mn/content/22765.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...