Эхлэл - Ярилцлага - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 6

Гэр бүл, байгууллагын машины ижил дугаарыг сольж байна

Замын түгжрэлийн эсрэг арга хэмжээг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлсэн. Үүний нэг нь автомашиныг дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Тус арга хэмжээний үр дүнд ажлын өдөрт 20-30 мянган машин хөдөлгөөнд оролцохгүй, тэр хэмжээгээр замын ачаалал сийрэгжиж байгааг албаныхан хэлж буй. Харин гэр бүлийн хүмүүс болон аж ахуйн нэгж, компанийн борлуулалтын автомашинууд ижил дугаартай, ижил дугаарын төгсгөлтэй байх нь олон тохиолдож байгаа. Ижил дугаарын төгсгөлтэй байснаар дугаарын хязгаарлалттай өдөр хоёр, гурван машин зэрэг зогсдог.

Тиймээс ижил дугаараар төгссөн машинтай гэр бүл болон албан байгууллагын дугаарыг солих боломжтой эсэх асуудлаар Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргалтай ярилцлаа.


-Ижил дугаарын төгсгөлтэй гэр бүл, албан байгууллагын машины дугаарыг сольж байгаа юу?
-Сольж байгаа. Гэхдээ манай машины дугаарын  бүртгэл үнэхээр хүнд байдалтай байна. Хүнд байдлаас гарахын тулд янз бүрийн арга сэдэж байгаа. Улсын дугаарыг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр солиулах явдал их байсан. Гэхдээ гэр бүл, компани, байгууллагын машины дугаарыг сольж байна. Тухайлбал, цэвэр ус, өндөг түгээдэг компанийн борлуулалтын машинууд нэг өдөр олноороо зогсохоор үйл ажиллагаа нь доголдож байна. Ийм тохиолдолд бид хүсэлтийн дагуу дугаарыг нь сольж байгаа. Мөн гэр бүлийн хүмүүсийн машин нэг өдөр зогсож байгаа тохиолдолд тайлбаргүйгээр сольж өгнө. Үүнд ямар нэгэн даргын цохолт зэрэг илүү бичиг баримт нэхэхгүй.

-Дугаар солиулах хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ?

-Амгаланд байрлалтай “Таван ган” ХХК-ийн байранд дугаар солих үйл ажиллагаа явагдаж байна. Гэхдээ дугаараа солиулах гээд ирж байгаа иргэд тайлбараа тодорхой гаргаж, баримт бичгүүдээ бүрэн гүйцэд бүрдүүлэх нь чухал. Нэг компанийн нэр дээр болон нэг өрхийнх биш бол дугаар солихгүй.

-Гэр бүлийн  хувьд гэрлэлтийн баталгаа ч юм уу бусад бичиг баримт шаардах уу?

-Гэрлэлтийн баталгаагаар дугаарыг шууд сольж өгч байгаа.

-Улсын дугаар солиход хэдэн төгрөгийн хураамж авч байна вэ?
-Улсын дугаараа солиулах гэсэн хүмүүс тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ солихгүй, өөрчлөлтийг гэрчилгээн дээрээ хийлгэнэ гэвэл гэрчилгээний мөнгө тушаахгүй. Харин дугаар солигдож байгаа тул тэмдэгтийн хураамж төлнө. Мөн хуучин дугаараа хураалгаж, шинэ дугаар хийлгэх мөнгө төлнө.

-Өнгөрсөн оноос дугаарын давхцалыг арилгаж эхэлсэн. Энэ ажил хэрхэн явагдаж байна?

-Ажил хүлээн авснаас хойш ойролцоогоор 30 гаруй давхар дугаар сольсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан бид улсын хэмжээгээр хэдэн дугаар давхар байгааг мэдэхгүй байгаа.

-Энэ байдлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Бүртгэлийг цэгцлээд улсын дугаарыг ямар нэгэн байдлаар лацдах, машинаас салдаггүй болгох, нэг машинд нэг дугаар олгох талаар бэлтгэл ажил хийгдэж байна.

-Дугаарын давхцалыг арилгаснаар улсын дугаар дуусах эрсдэл гарах уу?
-Тоо бол хязгааргүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 940 мянган машины дугаарын серийг задалснаас 505 мянгад тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Цаана нь 5-6 жилийн нөөц бий.

-Өнгөрсөн хугацаанд хуурамч дугаарын зөрчлийг ихээхэн илрүүлж байгаа гэсэн. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцож байна вэ?
-Жолооч нар тээврийн хэрэгсэлдээ өөр дугаар зүүх асуудал гарч байгаа талаар интернэтэд фото зургууд байгаа. Бид Замын цагдаагийн газрын шинэ удирдлагуудтай хамтарч ажиллаж байна. Хэрвээ улсын дугаарыг сайн дураараа хэвлэж өгвөл тухайн үйлдвэрийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авна. Улсын дугаараар нь хэвлэсэн үйлдвэрийг тогтоож болдог. Бидэнд энэ тухай  мэдэгдвэл тухайн үйлдвэрийн үйл ажиллагааг шууд зогсооно. Өнөөдрийн байдлаар есөн үйлдвэр ажиллаж байна.

-Азын гэх мэт  дугаарыг үнэд хүргэдэг байдлыг хэрхэн цэгцэлж байна вэ?

-Намайг энэ ажилд томилогдоход 940 мянган дугаарын сери задалсан. Хүмүүсийн анхаарал татсан бүх дугаарыг олгоод дууссан байна. Дахиж олгоё гэсэн ч байхгүй. Би улсын дугаарыг хамаагүй солихгүй. Харин дээр ярьснаар өдөр тутмын үйл ажиллагаанд хүний амьдралд дугаар солих хэрэгцээ гарна. Тэр тохиолдолд хэн нэгэн даргын цохолт, гуйлтгүйгээр сольж өгч байгаа. Дугаар солихгүй гээд байгаа нь хүнд суртлын системийг бий болгох гэсэн зүйл биш. Харин тээврийн хэрэгслийн бүртгэлийн өнөөгийн байдал маш хүнд байна. Энэ асуудлыг цэгцлэх, улсын дугаарыг үнэд хүргэж зарлаа гэдэг ярианаас салах цаг болжээ.

-Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ?
-Тээврийн хэрэгслийн бүртгэлээс бүхий л төрлийн судалгааг үнэн зөв гаргаж чаддаг байх ёстой бөгөөд тогтвортой ба аюулгүй ажиллах талаар анхаарч байгаа.

Б.Ариунтуяа
Мэдээний линк: http://review.time.mn/content/20732.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...