Эхлэл - Ярилцлага - Нийслэл
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 9 сарын 27

Д.Амарбаясгалан: АН биднийг ойлгооч гэсэн. Тиймээс бид завсарлагаа зогсоосон

НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанд Газрын харилцаа, барилгажилтад гарч буй зөрчлийг зогсоох тухай тогтоолыг хэлэлцэж НИТХ дахь МАН, АН, Шударга ёс эвслийн бүлгүүд саналаа хэлж байна.
Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.


-Танай бүлгийн зүгээс өнгөрсөн хурлаас Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлуулах асуудлаар завсарлага авсан. Өнөөдрийн хуралд Засаг дарга мөрийн хөтөлбөрөө батлуулаагүй байна. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг яагаад хурлыг үргэлжлүүлэхээр болов?
-Бид есдүгээр сарын 13-ны ээлжит бус чуулганаас завсарлага авсан. Шалтгаан нь Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлуулахыг шаардсан. Нийслэлийн АН-аас олон зүйлийг иргэдэд амлаж гарч ирсэн. Тухайлбал, гэр хорооллын 165 мянган өрхийг дэд бүтцэд холбоно гэсэн. Энэ ажлыг ирэх онд  эхлүүлэх ёстой. Үүнийг эхлүүлэхийн тулд аравдугаар сарын 2-нд эхлэх УИХ-ын намрын чуулганд оруулж, ирэх оны төсөвт тусгах ёстой. Гэтэл бидэнд хугацаа үлдсэнгүй.  Одоо 30 хоног үлдлээ. Энэ хугацаанд гэр хорооллыг дэд бүтцэд холбох зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийх боломжгүй боллоо. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг АН-ыг шахсан юм.  Биднийг НИТХ-ын дарга хүлээн авч уулзаж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг оруулахын төлөө хичээж  ажиллаж байна. Биднийг ойлгооч гэсэн. Тиймээс бид завсарлагаа зогсоосон.

-Засаг дарга яагаад мөрийн хөтөлбөрөө батлуулахгүй байгаа юм бол. Та юу гэж бодож байна вэ?
-Ерөнхий сайд, Засаг даргын хооронд ойлголцлын зөрүү байгаа гэсэн.  Үүнээс болж мөрийн хөтөлбөрийг оруулах хугацаа хойшилсон гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Ер нь бид  нэг талаар Засаг даргыг дэмжиж байна. Засгийн газар бүх зүйлийг босоо тогтолцоонд шилжүүлж байна. Нийслэлийн Засаг дарга ямар ч гар хөлгүй болох нь. Тухайлбал, Нийслэлийн хөдөлмөрийн газар, НМХГ гэх мэт газруудыг босоо тогтолцоонд шилжүүлж яамдын харьяанд оруулж байна. Ийм асуудлаас болж мөрийн хөтөлбөр оруулах ажил хойшилсон гэж ойлгосон.

-Хориглолтын бүсэд орох 1300 га газрын хэмжээг нэмэх саналыг та гаргалаа. Энэ тухай тайлбарлахгүй юу?
-Манай намын бүлгээс Улаанбаатар хотын хэмжээнд хориглолтын бүс болгох гэсэн 1300 га газрыг томсгох санал оруулсан. Шударга ёс эвслийн бүлэг, АН-ын зарим төлөөлөгчид дэмжиж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянмонгол хороолол, Оргил рашаан сувиллын орчмын газрыг оруулах санал тавьсан. Ер нь нэмэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Б.Ариунаа
Мэдээний линк: http://review.time.mn/content/18903.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...