Эхлэл - Ярилцлага - Эрүүл мэнд боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 27

Оюутнууд төлбөрийн зээл хүссэн материалаа сургуульдаа өгнө

Сургалтын төрийн сангийн зээл болон үндэсний тэтгэлгийг хэрхэн авах мөн ямар шалгуур хангасан оюутны сургалтын төлбөрийг төр хариуцах талаар БШУ-ны яамны Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Л.Базардаргиатай ярилцлаа.

-Сургалтын төрийн сангийн зээлд энэ жил хэдэн оюутан хамрагдах вэ. Мөн үндэсний болон урамшуулалт тэтгэлгийг ямар шалгуураар олгох вэ?

-Сургалтын төрийн сангийн зээлд хэдэн хүн хамрагдах нь одоогоор тодорхойгүй байна. Төрийн сангийн журмуудад өөрчлөлт орсон. Тухайлбал, Төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийн тодорхой хувийг төр хариуцдаг байсан. 2011 оны долдугаар сарын 9-ний өдрийн Төрийн албаны зарим хуулийг хүчингүй болгох хуулиар энэ журам өөрчлөгдсөн. Өмнө гэрээ байгуулсан төрийн албан хаагчийн хүүхдийг төгсөх хүртэл төр сургалтын төлбөрийг хариуцдаг байсан. Харин энэ жилээс эхлэн шинээр элсэх хүүхдийн төлбөрийг төр хариуцахгүй болж байна. Энэ нь суралцагч нартай төрийн албан хаагчаар гэрээ хийхгүй гэсэн үг. Мөн суралцагчдад 2012 оны 19 дүгээр тогтоол гарч сургалтын төлбөрийн зээлийг олгож байна. Өнгөрсөн жил 1-6 сар хүртэл давхардсан тоогоор 139 789 оюутанд 59.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Мөн энэ жил Үндэсний тэтгэлэг үргэлжлэн олгогдоно. Үүн дээр нэмээд урамшууллын тэтгэлгийг өгнө. Урамшууллын тэтгэлгийг авах оюутны мэдээллийг сургуулиуд БШУ-ны яамны Мэргэжлийн боловсролын газар өгнө. Ингээд Мэргэжлийн боловсролын газар дүгнэлтээ Сургалтын төрийн санд ирүүлнэ. Урамшууллын тэтгэлгийг Үндэсний тэтгэлгийн хувиас  50, 75, 100 хувиар тооцож олгоно. 100 хувийн тэтгэлэг нь Үндэсний тэтгэлгийн  70 200 төгрөг дээр нэмээд  70200 төгрөг авна.  50 хувийн тэтгэлгийг 3.2 -оос дээш голч дүнтэй бакалавр,  дипломын зэргийн оюутнууд, олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллагад магадлан итгэмжлэгдсэн олон улсын хамтарсан хос хөтөлбөрөөр хичээллэж байгаа сургуулийн оюутнууд авна. Мөн Засгийн газраас эрэлт ихтэй 20 мэргэжлээр шинээр элсэж байгаа 720- оос дээс оноо авсан мөн одоо суралцаж байгаа 3-аас дээш голч дүнтэй оюутнууд авна. Харин 75 хувийн урамшууллыг 3.6-аас дээш голч дүнтэй диплом, бакалавр, магистр, докторын өдрийн ээлжинд суралцаж байгаа оюутнууд авна. 100 хувийн тэтгэлгийг 11 дүгээр  ангидаа улсын төрөлжсөн олимпиадад оролцоод улсад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүд авна. Мөн олон улсын олимпиадад тусгай байр эзэлсэн хүүхдүүд 100 хувийн урамшууллыг авах юм. 100 хувийн тэтгэлэг хэрэгжих хугацаа нэг жил байгаа. Тэгэхээр энэ жил 100 хувийн урамшуулал авч байгаа оюутнууд дараа жилээс сургалтын дүнгээр тэтгэлэгт хамрагдана.  Үндэсний тэтгэлгийн үргэлжлэх хугацаа сургалтын хөтөлбөрт заагдсан жилээс хамаарна. Жишээ нь МУИС –ийн Эрх зүйн анги 5 жил байдаг бол тэтгэлгийг  5 жил авна. ЭМШУИС зургаан жил учраас тэтгэлгийг зургаан жил авах юм. Үндэсний тэтгэлгийг 10 сар хүртэлх хугацаанд олгоно. Энэ нь тухайн сургуулийн хичээл  тавдугаар сард дууссан бол тавдугаар сар хүртэл тэтгэлэг авна гэсэн үг. 

-Сургалтын төлбөрийг ямар оюутнуудад олгох вэ?

-Өмнө сургалтын төлбөр олгож байсан. Энэ жил мөн сургалтын төлбөр болон зээлийг олгоно. Сургалтын төлбөрийг бүтэн өнчин, суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй,  хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна. Тухайлбал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоодог. Энэ комиссын тогтоосноор хөдөлмөр алдалт 70 хувиас дээш бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хуульд зааснаар хамрагдана.

-Тэгвэл сургалтын зээлийг ямар шалгуур хангасан оюутан авах вэ?

-Сургалтын төлбөрийн зээлийг элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас  дээш оноотой шинэ элсэгчид мөн  суралцаж байгаа оюутан 2.8 аас дээш голч дүнтэй бол зээлд хамруулна. Үүнийг хүүхдүүд зөв ойлгох хэрэгтэй. Тухайлбал 600 оноо гэдэг нь тухайн суралцагч сонгосон мэргэжлийн суурь хичээлийн оноо нь 600 байх ёстой. Тухайлбал, ЭМШУИС-д орсон хүүхдийн биологи, химийн хичээлийн аль нэг нь 600-аас дээш оноотой байх юм.

Сургалтын төрийн сангийн зээлд хагас өнчин, малчин өрхийн, өрхийн нэг гишүүнд ногдох орлого амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур буюу нэн ядуу, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаанд хаасан эдгээр тохиолдолд сургалтын төлбөрийн зээлийг олгоно. Зээлийг авахдаа өөрийн заалтад тохирсон өргөдөл, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, элсэлтийн шалгалтад орсныг  батлах хуулбар,  элсэлтийг зохих журмын дагуу элсэлтийг батлах БШУ-ны  томилолтын хуулбарыг авчирна. Мөн сум дүүргийн албан бичиг, гэрээт цэргүүд цэргийн штабын албан бичиг зэрэг материалыг тухайн сургуульдаа өгөх юм. Тэгэхгүй бол оюутнууд материалаа Сургалтын төрийн санд авчирч өгөөд байна. Зээл олгох эсэх шийдвэрийг тухайн сургуулийн захирлын тушаалаар томилогдсон комисс шийдвэрлээд Төрийн санд авчирч өгнө. Бид материалын дагуу санхүүжилтийг шилжүүлдэг.

-Ирэх хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаалаар хяналтын тоо батлагдана. Энэ батлагдаж байж тодорхой болно.

-Үндэсний тэтгэлгийг сар бүр олгох уу, улирлаар олгох уу?


-Улирлаар олгоно. Сургуулийн ирүүлсэн материалыг Сургалтын төрийн сан  хянаж үзээд мөнгө шилжүүлдэг. Зарим оюутан, эцэг эхчүүд улирлаар олгоно  гэдгийг ойлгоогүйгээс асуудал үүсдэг. 

-Үндэсний тэтгэлгийг оюутнуудад тарааснаас оюутнуудын сурлагын  үр дүн хэрхэн гарсан бэ?


-Үндэсний тэтгэлгийг тараасан  бүх сургуулиар явж үзсэн. Засгийн газрын тогтоолд суралцах чадвар,  идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан суралцагчид тэтгэлэг өгнө гэсэн заалт байгаа. Гэтэл зарим нэг оюутан кредитийн өртэй, идэвхгүй байгаа тохиолдол байна. Мөн тогтоолд “суралцаж байгаа” гээд заасан болохоор бүх оюутнууд тэтгэлэг авъя гэсэн байр суурьтай байдаг. Харин сургуулиуд тухайн оюутны мэдээллийг манайд өгснөөр суралцаж байгаа бүх оюутанд санхүүжилт өгч байгаа. Энэ жилээс зарим сургуулиуд журам боловсруулж мөрдөж байна. Зарим нь нэгэнт Засгийн газрын тогтоолын дагуу  суралцаж байгаа оюутан бүрт олгож байна. Зарим нь оюутны зөвлөл, багш нарын хурлаар хэлэлцэж оюутнуудад тэтгэлгээ өгч байна.

-Аттестатчилалд тэнцээгүй сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгох уу?

-2013 онд аттестатчиллыг  бүрэн хийж дуусгана. Аттестатчилалд тэнцээгүй сургуулийн оюутанд тэтгэлэг олгохгүй. Харин аттестатчилалд  ороогүй ч  магадлан итгэмжлэгдсэн сургуульд тэтгэлэг олгож байна. Өнөөдрийн байдлаар аттестатчилалд ороогүй сургууль байхгүй.

Б.Ариунтуяа


Мэдээний линк: http://review.time.mn/content/17393.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...